Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Засгийн газар, Соёлын яам, Херо энтертаймент хамтран “Би Монгол хүн” хүндэтгэлийн контентыг бэлтгэн олон нийтэд түгээсэн. Гэвч энэхүү контент цацагдсан цагаасаа шүүмжлэлд өртсөн.
Тухайлбал, Буриад соёл, өв уламжлалыг өвлүүлэх сангийнхан найруулагч Херо Баатарын дүү Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргаж, Би Монгол хүн” хүндэтгэлийн контент нь Үндсэн Хуулийн яс үндэс, угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Буриад угсаатныг доромжилж өмсгөл хувцасыг нь сольсон. Хувцаслалтанд анхаарал хандуулаагүй нь үйл явдлын гол дүр нь дурлалт хосууд биш нэг залуу айлын эхнэр эргүүлж, хормойг нь сөхөж гүйгээд байгаа юм шигээр муухай харагдуулсан. Энэ нь өөрөө садар самуун байдлыг үүсгэсэн.
Тиймээс уучлал гуйж, залруулга гаргах ёстой хэмээн мэдэгдэж байв. Үүнээс үүдэн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Буриадын академийн ерөнхийлөгч С.Билэгсайхан тэргүүтэй буриад зоны төлөөллийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч албан ёсоор Буриад түмнээс уучлалт гуйсан байна. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн контентоос буриадын хэсгийг хасуулсан тухай мэдээлжээ.
Үүний дараа Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн Н.Мөнхзулаас найруулагч Б.Баатарт хандаж “Би Монгол хүн” контентын буриад зонтой хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байх тул тус хэсгийг хасах, мөн буриад зоныг харуулсан хэсэгтээ угсаатны болон антропологи судлаачдын үндэслэл бүхий тайлбарыг гаргуулж наймдугаар сарын 15-ны дотор хариу ирүүл гэсэн хугацаатай үүрэг өгчээ.