Статистик мэдээллээс харахад, дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний 4.5 тэрбум хүн интернетэд орох боломжтой бүс нутагт амьдарч 57% -ийнх нь хувьд энэ сүлжээ өдөр тутмынх нь амьдрал болсон.
Сошиал медиаг идэвхтэй ашигладаг хэрэглэгч 3.484 тэрбум, тэдний 45% нь нийгмийн сүлжээтэй “хүйн холбоо”-той мэт байдаг, гар утсаараа энэхүү сүлжээний сувгуудад ордог 3.256 тэрбум хэрэглэгч байдгийн 42% нь үүндээ донтсон гэхэд болно.
Монгол Улсын хувьд, нийгмийн сүлжээ идэвхитэй хэрэглэгч 2,2 сая иргэн байна.Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг нийгмийн сүлжээнд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиал орчинд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд байгаа юм.
Нийгмийн сүлжээ хүмүүст олон давуу талыг олгосон хэдий ч нөгөө талд мэдээллийн хэт их урсгал шүүлтүүргүй, баталгаатай эх сурвалжийн бус хормын төдийд олон зуун мянган хүнд хүрч тархдаг болсон нь олон төрлийн үл ойлголцол, буруу хандлагыг бий болгох болгож эхэлсэн.
Дэлхийн олон оронд нийгмийн сүлжээ хэрэглэгчид троллингд өртөх магадлалтай хамгийн “эмзэг газар” болоод зогсохгүй даамжрах тохиолдолд мэдээллийн дайны хохирогчоос оролцогч болж хувирах өндөр эрсдэл байсаар байна. “Мэдээллийн дайны оролцогч” гэдгээр улс төрийн тогтворгүй байдлыг өдөөгч “өнгөт хувьсгал”-ын төдийгүй олон улсын терроризмын таатай хөрс суурь болсон экстремизм, радикалчлалын үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч болж хувирч байгаа юм.
Нийгмийн сүлжээг улс төрийн зэвсэг болгож байна
Бидний хэлж заншсанаар “өнгөт хувьсгал” буюу тусгаар улс орнуудын төр, засгийн эрхийг гадны шууд нөлөөтэйгээр гартаа оруулах ажиллагааг эсрэг талын тусгай албад төлөвлөж, “хараат бус” хэвлэл, мэдээлэл, иргэний нийгэм, залуучуудын хөдөлгөөнийг чадамгай ашиглан нийгмийн сүлжээний платформуудыг тулалдааны талбар болгох болов.
Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд 2020 оны Беларусийн “бүтэлгүй” өнгөт хувьсгалыг нэрлэж болох юм. А.Лукашенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцсэн С.Тихановскаягийн талынхны өдөөн турхирсан үймээн, самуун намжиж дарагдсан ч Европын орнуудын дэмжлэгтэйгээр хилийн чанадаас үргэлжилсээр байна.
Тухайлбал, нийгмийн сүлжээний “NEXTA” платформ нь Польшид төвтэй кибер орон зайн сүлжээ бөгөөд Литва, мөн Беларусийн нутгаас мэдээллийн дайны өргөн хүрээний ажиллагаа явуулж, тролл хийсээр байгаа ба үүндээ Украины үндсэрхэг үзэлтнүүдийг ч татан оруулсан.
Нийгмийн сүлжээнд террористууд орон зайгаа олж авч байна
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөсөн хувьсгал, өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэж буй болсон нөхцөл байдал нь олон улсын терроризм идэвхжих үндсийг тавьлаа. Террорист бүлэглэлүүд нийгмийн сүлжээг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ашиглаж өөрийн үзэл суртлыг түгээж байгаа нь сүүлийн жилүүдэд гарч буй цоо шинэ үзэгдэл юм.
“РАНД” корпорацийн Д.Герстайны үзэж буйгаар, нийтлэг жишиг бол гол цөм нь террорист үйл ажиллагааг зохион байгуулагч удирдагчид, түүний гадуур хүрээнд гүйцэтгэгчид, тэдгээрийн гадуур дэмжигчид, хамгийн гадна хүрээнд сэтгэл санаагаараа татагдагсад гэж ангилж болохоор аж. Үүн дээр хэлбэлзэгсэд буюу цагийн аясаар хаашаа ч эргэж болзошгүй идэвхгүй хүн ам гэсэн тав дахь хүрээг ч нэмдэг.
Цахим орчны троллингийг ашиглан энэхүү бүлэг буюу хэлбэлзэгсдийг аль болох дотор хүрээнд татан оруулах, өөрөөр хэлбэл, хүрээг нь тэлэх төдийгүй эгнээг нь цул болгож “чанаржуулах” ажлыг гүйцэтгэж байна.
Гэхдээ нийгмийн сүлжээнд идэвхтэй, өндөр хөгжилтэй орнуудын иргэд, залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаанд татан оруулахдаа шууд шашны зан үйл, эсхүл алан хядах ажиллагаанд уриалан дуудах замаар биш, олон улсын харилцааны тогтсон дэг журам, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдалд дүргүйцсэн үзэлтэй, боловсролтой давхаргынхныг аажмаар радикалжуулах, тэмцлийн хурц хэлбэрт татагдах хүртэл нь сэтгэл санаанд нь нөлөөлөх аргыг хэрэглэж байна.
Тиймээс олон улсын түвшинд болон үндэснэий хэмжээнд терроризмтой тэмцэхдээ эдгээр хүрээг аль болох хооронд нь зааглах, тусгаарлах, гадуур хүрээнийхнийг саармагжуулах, цөм хүрээнийхнээс салгах, цөм болсон этгээдүүдийг устгах гэсэн нийтлэг арга ажиллагааг баримтлах нь зүйтэй болж байна.
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн өгүүлэлээс товчлон хүргэв. Бүрэн эхээр нь энд дарж уншина уу.