Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдав. Тус зөвлөлд нийслэлийн ЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг.
- 2021 нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5
- гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5
- долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ.
Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс