-Палентологичид үлэг гүрвэлээр хооллогч матар төст аварга том амьтныг ийнхүү дүрсэлжээ-
Тэртээ 165 сая жилийн өмнө Мадагаскарт гадилын чинээ шүдтэй аварга том махчин амьтан эзэрхэн амьдардаг байжээ. Уг амьтны үлдэгдлийг эрдэмтэд аль эртнээс олж илрүүлсэн боловч дөнгөж саяхан шүд, эрүүнийх нь хэсэг нь олдсон тул тэрхүү амьтны дүр төрхийг бүрэн гаргаж чаджээ.
165 сая жилийн өмнө гэхээр Юрын галавын үе гэсэн үг. Тэр цагт Мадагаскар огт өөр газар нутаг байсан юм. Энэхүү арал Энэтхэг, Африкаас бүрэн тасраагүй байсан бөгөөд анхдагчид зөвхөн хувьсан өөрчлөгдөж байжээ. Мадагаскар үлэг гүрвэл, бусад сээр нуруутан амьтдаар буцалж байлаа. Ой, хуурай газраар амьдардаг тэднийг нэг л зүйл нэгтгэдэг байсан юм. Энэ бол хамгийн тухайн газар нутгийн хамгийн аюултай махчин араатан болох Razanandrongobe sakalavae хэмээх матрын хуурай газар дээрх төрөл, ер бусын айхавтар хоншоорт амьтан гэнэ.
Тухайн амьтны дүр төрхийг эрдэмтэд 10 гаруй жилийн өмнө гаргасан ч малтлага, олдвор дутуу байсан учраас аварга том махчин үлэг гүрвэл үү, эсвэл сээр нуруутны өөр нэгэн төрөл үү гэдгийг тодорхой хэлж чаддаггүй байлаа.
Тэгвэл Итали, Францын мэргэжилтнүүдийн багийнхны олдсон олдвор болох эрүү, шүдний ачаар ямар амьтан болох нь бүрэн тодорхой болжээ. Судалгааны үр дүнг PeerJ сэтгүүлд нийтэлсэн байна. Razanandrongobe sakalavae гэдэг нь “Сакаллавын бүсийн гүрвэлийн аварга том өвөг дээдэс” гэсэн утгатай. Палеонтологичдын өхөөрдөн нэрлэснээр
Разана гэгдэх энэхүү амьтан тун эвгүйхэн инээмсэглэдэг болохоор хажууд нь зогсох тираннозавр ч жихүүцэхээр аж. Анхандаа энэхүү амьтны үлдэгдлийг махчин үлэг гүрвэл хэмээн таамаглаж байсан ч цаашдын анализ судалгаагаар Разана үнэн хэрэгтээ орчин үеийн матрын “холын хамаатан” болж таарчээ.
Эрдэмтдийн олж тогтоосноор Разана нь мезозойн эринд цэрдийн галавын турш Гондванд идээшиж байсан матар хоншоортны нэг төрөл болох нотозухияд хамааралтай амьтан байв. Орчин үеийн матраас ялгаатай нь урт мөчтэй, богино эрүүтэй, хөдөлгөөнт хуягтай. Нотозухия нь харгис хатуу араатан байсан ч аль нь ч Разанатай харьцуулах аргагүй.
Палеонтологичдын үзэж буйгаар Razanandrongobe sakalavae нь бусад нотозухияг бодвол илүү том биетэй гэнэ. Одоо байгаа олдворуудаар түүний хэмжээг тогтооход төвөгтэй ч толгой нь гэхэд угаалгын машинаас дутахааргүй том, шүд нь гэхэд гадилын чинээ аж.
Судлаачид “Разана таарсан амьтнаа ястай, шөрмөстэй нь шууд л иддэг байсан байж магадгүй” гэж тэмдэглэжээ. Ийм өвөрмөц онцлогтойн дээр хурдан хөдөлгөөнтэй нь Разанаг тухайн үеийн хамгийн аюултай махчин араатан болгож чаджээ.
Юрын болон цэрдийн галавын үед үлэг гүрвэл олон байсан ч бусад амьтдад ч амьдрах таатай нөхцөл байсан нь тодорхой. Ялангуяа зарим сээр нуруутан амьтан Өмнөд Америкт үлэг гүрвэл мөхсөнөөс хойш хэдэн зуун жилийн дараа ч байсан юм.
Э.Мөнхзаяа