Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зөвшөөрч, захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо.
Энэхүү ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний Стандарт ГОСТ Р 55989-2014 “Байгалийн хий дамжуулах хоолой 10 МПа-аас дээш даралтын төслийн стандарт” Үндсэн шаардлага, мөн “Газпром” НХН-ийн 2-3.5-051-2006 “Байгалийн хий дамжуулах хоолойн технологийн төлөвлөлтийн норм”, стандартыг тус тус 2021 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэг жил, зургаан сарын хугацаанд мөрдүүлэхээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар бүртгэж, хэрэглэхийг зөвшөөрсөн болно.
Мөн Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Ерөнхий дүрэм СП36.13330.2012, Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Технологийн дүрэм СП86.13330.2014-ийг тус тус Монгол Улсын холбогдох байгууллагуудаар хянуулан батлуулж, мөрдөж ажиллахад бэлэн болгоод байна. Төслийн хүрээнд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-д ОХУ-аас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 201 дугаар тогтоолыг гаргуулан мөрдөн ажиллаж байна.