ИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Цаг гарган хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархал илэрхийлээд УИХ-аас цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна.
Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсон” гэжээ. Мөн тэрээр энэ оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой тохиож байгааг уламжлаад хийж хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан байна.
Монголын залуучуудын холбооноос цэргийн алба хаах залуучуудыг мэргэжил эзэмшүүлэх, зэрэг олгоход олон улсын цэргийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар судалгаа хийж эхэлжээ. Түүнчлэн бусад оронд эрхээ хасуулан ял эдэлж байгаа иргэдээ хэрхэн нийгэмшүүлдэг болохыг судалж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөснөө МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од танилцуулсан байна.
Мөн “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын залуучуудын холбооноос зөв санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд УИХ-аас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтсон байна.