Хятадад сүүлийн 1 хоногийн хугацаанд коронавирусийн халдварын 98 шинэ тохиолдол бүртгэгдсэний 43 нь бусад орноос гэртээ ирсэн хүмүүс байна. Харин үлдсэн 55 нь Зянсу, Хунань, Хубэй, Шаньдун, Хэнань, Хайнань, Юаньнань, Бээжин зэрэг мужуудад дотроо халдварлажээ. Эрүүл мэндийн улсын хорооноос COVID-19-ийн шинэ тохиолдолд огцом нэмэгдэж байгааг Дельта хувилбартай холбон тайлбарлажээ.
Тус улс шинэ дэгдэлтийг тогтоон барих арга хэмжээ авч байгаа хэдий ч 9,3 сая хүн амтай Нанжин хот COVID-19-ийн тархалтын ноцтой голомт болсон байна. Хотын захиргаанаас коронавирусийн халдварын дэгдэлт долоодугаар сарын 10-нд буюу нисэх онгоцны буудлын ажилтан ОХУ-аас ирсэн онгоцыг цэвэрлэж байхдаа халдвар авснаас эхэлсэн гэж үзэж байна.
Хятадын Эрүүл мэндийн улсын хороо шинэ дэгдэлтийг тогтоон барих арга хэмжээ авсаар байгаа ч халдварын тоо цаашид нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргсан байна. Нанжин хот Дельта вирусийн тархалтаас болоод хүн амаа нийтээр нь шинжилгээнд хамруулж эхэлснийг Channel News Asia-д мэдээлсэн аж. Үүний улмаас хэдэн зуун мянган хүн хөл хорионд орсон гэнэ.
Иргэдийг эмнэлэг, супермаркетуудаар явахыг хоригложээ. Хязгаарлалтын шинэ журам Хятадын 22 мужийн 12-т нь хэрэгжиж, COVID-19-ийн вакцин хийлгээгүй хүмүүст хамаарна. Хятадын төрөөс COVID-19-ийн дархлаажуулалтад хамрагдахыг иргэн бүрийн үүрэг гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Focus.ua