Германд Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 76 жилийн дараа нацист асан нэгэн хүнийг шүүх хурал болох гэж байна. Шүүгдэгч нь Заксенхаузен концлагерийн хамгаалагч асан 100 настай эр юм байна. Энэ концлагерьт 20 мянга орчим хүн амиа алдсаныг Welt сонинд мэдээлжээ.
Шүүх үйл явц аравдугаар сард эхэлнэ.
Хамгаалагчийн нэр, юунд буруутгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэрбээр 1942-1945 онд концлагерийн хамгаалагчаар ажиллаж байсан.
Шүүхийн дарга Франк Штарк шүүгдэгчийг өдөрт 2-2,5 цаг хуралд оролцоно гэсэн аж. Шүүхэд нэхэмжлэгчдийн нэгнийх нь талаас өмгөөлөгчөөр оролцож байгаа Томас Вальтер шүүгдэгчийг өндөр настай ч ийм хуралд оролцох зайлгүй шаардлагатай гэжээ.
Заксенхаузен лагерь нь Берлинээс хойш Ораниенбургт байрлаж байв. Уг концлагерийг 1936 онд нээжээ. Концлагерь ажиллаж байх хугацаанд 200 мянга гаруй хүн үүгээр орж, хэдэн арван мянган хоригдол амиа алдсан байдаг. Тэр дундаа анагаахын туршилтад орж нас барсан хүмүүс олон байдаг аж.
Эх сурвалж: Korrespondent.net