Ашигт малтмал газрын тосны газрын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр долдугаар сарын 29-нд МХЕГ болон ШӨХТГ шатахууны стандарт тооцох дүгнэлтэд алдаа гаргасан гэж мэдэгдсэн. Энэ талаар шатахуун шинжлэх ажлын хэсэгт орж ажилласан МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржоос тодрууллаа. Өмнө нь бид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсныг ЭНД дарж уншина уу.
-АМГТГ-аас ШӨХТГ, МХЕГ шатахуунд шинжилгээ хийх, стандарт тооцоход алдаа гаргасан гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэгвэл ШӨХТГ-аас ямар нэг байдлаар алдаа гаргаагүй гэдгийг хэллээ. Та бүхний байр суурь ямар байна вэ?
-МХЕГ шатахууны стандартыг тооцохдоо ямар нэгэн алдаа гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ИНЕГ болон АМГТГ-ын лабораториос ирсэн шинжилгээний тайланд үндэслэж, тухайн бүтээгдэхүүний стандартай харьцуулан дүгнэсэн.
Тус мэдэгдэлд “Евро 5” ангиллын шатахуун шинжилгээний дүнг “Евро 2” ангиллын стандарттай харьцуулсан гэсэн. Ингэж хардах нь зөв. Иймээс бид дээж бүрийг кодлон харгалзах үзүүлтээр нь харьцуулсан. Ямар нэг дээж солигдсон, өөр үзүүлэлтээр харьцуулсан алдаа гаргаагүй. “Евро 5”-ыг “Евро 5”-ын үзүүлэлтээр, “Евро 2”-ыг “Евро 2”-ын үзүүлэлтээр харьцуулаад гаргасан дүгнэлт. Энэ хяналт, шалгалт нь хараат бус, үнэн зөв, нууцлалын зэрэг өндөр болсон.
-АМГТГ нь өөрийн лабориторид хийсэн шинжилгээгээ үгүйсгэсэн болж таарч байна?
-Биднийг хүлцэх хэмжээ буюу зөвшөөрөгдөх хэмжээг тооцохгүйгээр дүгнэлт гаргасан гэж буруутгаж байна. Шинжилгээ хийх аргын стандарт гэж бий. Үүнийг баримталж ажилласан уу гэдэг асуудал яригдах ёстой. Лабораторийн шинжилгээний тайланг эцсийн дүгнэлт гэж үзнэ. Хэн ч өөрчлөх эрхгүй зүйл. Лабораториудын гарсан дүгнэлтийг дундчилж, харьцуулна гэсэн ойлголт ч бас байхгүй. Лаборатори дотоод хяналт хийж манай лабораторийн чадамж, эргэлзээ хэр байна вэ гэдгийг байнга хянаж байх ёстой. Ингэсэн тохиолдолд эргэлзээгүй шинжилгээний хариу гарна.
-Та бүхэн лабораторийн тайланд үндэслэн стандартын шаардлага хангасан эсэхийг шалгасан гэлээ. Тэгвэл дээж авснаас хойш ямар нэг алдаа гарсан бол тухайн лаборатори хариуцах юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. МХЕГ ямар нэгэн байдлаар шинжилгээний дүнд нөлөөлөх, өөрчлөх боломжгүй шүү дээ. Ирсэн шинжилгээний тайланд үндэслэж, дүгнэлтээ гаргасан.
-Энэ бүхний эцэст ард иргэд хохирч байна. Стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглэснээр ард иргэдийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд ямар хохирол учрах вэ?
-Яг зөв. Иргэд л хохирно. Энд хөндөгдөж буй асуудал нь нийгэмд хор хөнөөл учруулсан, ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдгээрээ чухал. Шатахуунаас гарч буй хорт нэгдлийн агууламж гэж бий. Тухайн шатахууны чанар сайн, муу байхаас хамаарч шатахуун шаталтын бүтээгдэхүүн хорт нэгдлийг агуулдаг.
Стандартын шаардлага хангаагүй, стандартад зааснаас их хэмжээний хортой элемент агуулсан шатахуун нь машины хөдөлгүүрт шатаад гарахдаа хортой элемент ялгаруулна. Ийм хортой элемент агаарт дэгдэж, хүрээлэн буй орчин, хүн, амьд амьтанг шууд хордуулна. Мөн автомашин моторын хүчээ бүрэн гаргаж чадахгүй, дутуу гаргах, доголдох, хөдөлгүүрийн төхөөрөмжүүд эвдрэх аюултай. Үүний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй.
Тиймээс стандартын шаардлага хангаагүй шатахуун зах зээлд худалдаалагдахгүй байх ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг бодлогын хүрээнд уялдуулах, зөрчлийг арилгаж, стандартын шаардлага хэрхэн хангуулах вэ гэж ярихын оронд бодит байдлыг ил гаргаж байгаа хяналтын байгууллагуудыг буруутгаж, няцааж байгаад харамсаж байна. Бид бүгд Засгийн газрын агентлагууд. Бидний зорилго бол аливаа үйл ажиллагаа хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулахгүй байх тал дээр нэг зорилготой байх ёстой гэж бодож байна. Бодит байдлыг зөвөөр үнэлж сайжруулахын төлөө харилцан ойлголцож ажиллах хэрэгтэй.