Коронавирусийн Дельта омог нь илүү халдвартай бөгөөд вакцины хамгаалалтыг илүү амархан даван туулдаг, мөн вирусийн бусад мэдэгдэж буй хувилбаруудаас илүү ноцтой өвчлөл үүсгэдэг. Энэ тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд тараасан дотоод танилцуулгад дурджээ. Танилцуулгын хуулбарыг эш татан The New York Times, The Washington Post мэдээллээ хүргэсэн байна.
Агентлагийн захирал доктор Рочел П.Валенски мягмар гарагт Дельта хувилбарын халдварыг вакцинд хамрагдсан хүмүүс дамжуулах нь ховор үзэгдэл гэж нэрлэсэн боловч бусад эрдэмтэд урьд өмнө бодож байснаас илүү элбэг тохиолддог гэж таамаглаж байна.
Дотоод баримт бичиг нь коронавирусын энэ хувилбарын талаарх илүү өргөн, таагүй асуудлуудыг дурджээ.
Дельта омог нь MERS, SARS, Эбола, ханиад, улирлын томуу, салхин цэцэг үүсгэдэг вирусээс илүү эрчимтэй халдварладаг бөгөөд баримтад дурдсанаар салхин цэцэг шиг халдварладаг аж.
Агентлагийн дараагийн алхам бол “дайн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрөх” гэж баримтад бичжээ.
Баримт бичгийн өнгө аяс нь АНУ-д дельта омог тархаж буй энэ үед Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(C.D.C)-ийнхийг илүү түгшээж байна.
Саяхан хийсэн нэгэн судалгаагаар энэ омогт халдварласан хүний вирусийн хэмжээ нь вирусийн анхны хувилбараар халдварласан хүмүүсийнхээс мянга дахин их байдаг гэж NYT тэмдэглэжээ.
C.D.C-д Дельта хувилбарт халдвар авсан тохиолдолд амьсгалын замын вирусийн хэмжээ Альфа хувилбараар халдварласан хүмүүсийнхээс 10 дахин их байдаг бөгөөд маш халдвартай байдаг гэжээ. C.D.C. нь олон тооны судалгааны мэдээлэлд үндэслэсэн болно.
Ингээд дүгнэлт хэсэгтээ дархлаа султай хүмүүс вирус дамжих өндөр эрсдэлгүй газарт ч амны хаалт зүүх ёстой гэж гарчээ. Түүнчлэн бага насны хүүхдүүд, өндөр настнууд болон эрсдэл өндөр хүмүүстэй харьцдаг вакцин хийлгэсэн хүмүүс ч ийм дэглэм баримтлах ёстой гэж гарсан байна.
Вакцин нь өвчин хүндрэх, КОВИД-ын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулна. C.D.C. баасан гарагт энэ омогтой холбоотой шинэ мэдээлэл нийтлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: korrespondent.net