Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ.
Тэгвэл үлдсэн замаас 106.5 км замын зураг төслийг энэ жилдээ багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ.
Уг төсөлд багтсан бас нэг асуудал бол нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаагаас ирэх жилүүдэд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС