Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2017.07.05) хуралдаан 14 цаг 49 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5 их наяд 835,0 тэрбум төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй гарсан. Зарлага 9 их наяд 495.3 тэрбум төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй, нэгдсэн төсвийн тэнцэл гурван их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3 их наяд 894.4 тэрбум төгрөгт хүрч 109.2 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7 их наяд 394.2 тэрбум төгрөгт хүрч, 95.4 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын төсвийн тэнцэл 3 их наяд 499.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд Үндэсний аудитын газраас “Хязгаарлалттай” гэсэн аудитын дүгнэлт өгч, зөвлөмж хүргүүлснээ танилцууллаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа бусад Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтэд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа уг тогтоолын төсөлд Үндэсний аудитын газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчдын авлага, төсвийн орлогын гүйцэтгэл, эргэлтийн хөрөнгө, төрийн сангийн богино хугацааны өр төлбөр, урт хугацааны өр төлбөрт нарийвчилсан задаргаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн горимын саналыг гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүд уг тогтоолын төсөлд горимын санал оруулахыг 100 хувь дэмжсэний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.