Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Энэ үеэр МХЕГ-ынхан Covid-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний талаар танилцуулж, эрүүл мэндийн салбар болон хилийн боомт, тусгаарлах байр, нисэх буудал, аж ахуйн нэгжүүдэд тавьсан хяналтаар илэрсэн зөрчлийн мэдээг танилцууллаа.
МХЕГ тусгаарлан ажиглах байранд дөрвөн чиглэлээр давхардсан тоогоор 905 хяналт тавьж 1451 зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн 44 хувийг арилгуулж нэг байгууллагыг 300 мянган төгрөгөөр торгожээ. Мөн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, барилга байгууламжтай холбоотой зөрчил цөөнгүй гарчээ.
Ариутгал халдваргүйтлын чиглэлээр 69416 объктод ариутгал хийлгэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 29742 объёктод ариутгал хийсэн байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр хяналт тавихад 12 зөрчил илэрсэн бол урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтэд цөөнгүй зөрчил илэрчээ. Ихэвчлэн ариутгах бодисыг зааврын дагуу ашиглаагүй, бүртгэлтэй бодисыг ашиглаагүй зөрчил гарчээ.
Мөн нийслэл орон нутгийн 35 цэвэрлэх байгууламжид тогтмол хяналт тавьж байгаа аж. Үүнээс гадна бохирын усны дээжээс шинжилгээ авахад Covid-19 илрээгүй байна. Түүнчлэн шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдэд давхардсан тоогоор 3447 хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар 1594 зөрчил илэрсэн байна. Үүний 50 хувийг газар дээр нь арилгуулжээ.
Мөн хилийн нэвтрэх цэгээс вакцины тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт тавьж байна. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21 хүртэл таван улсаас 31 удаагийн нислэгээр 5.2 сая тун вакцин импортолжээ. Эдгээр вакцинд хяналт тавьсан байна.
Мөн Мосвка-Улаанбаатар чиглэлийн дипломат ачаагаар 100 хүн тун вакцин тээвэрлэлтийн горим алдагдсан тул устгалд оруулжээ. Вакцинжуулалттай холбооотойгоор 2632 хүн тун вакцины хорогдол гарчээ. Хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны байдал алдагдсан, унагаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан устгалд оруулжээ. Мөн чанарын шаардлага хангаагүй 1939 тариурыг устгалд оруулжээ. Тодруулбал, цуурсан, резин мултарсан гэх шалтгаанаар устгажээ.