Тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч, мэргэшсэн брокер, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд уулзаж ирэх намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжихаар бэлтгэлийг хангаж эхэлжээ. Уулзалтанд 13 аймгийн 120 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Хөдөө аж ахуйн бирж Дорнод аймгийн тариалан эрхлэгчидтэй өнгөрсөн амралтын өдрөөр уулзалт зохион байгуулж, биржээр улаанбуудай арилжих, үүний давуу, сул тал, үр өгөөжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ.
Уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь үр дүнтэйг онцолж байсныг ХХААХҮЯ мэдээлжээ.
Тариаланчид хүнсний улаанбуудай нь стратегийн хүнс гэдэг утгаараа дотоодынхоо хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортод гаргах боломжийг нээж өгвөл зүгээр. Бирж нь бидний эрх ашгийн төлөө дуугарах ганц газар учир дэмжинэ. Биржийг зөв чиглүүлэх ёстой. Үүн дотроо алслагдсан аймгууд руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Алслагдсан аймгууд хоршоо хэлбэрийн зохион байгуулалтад ороод явах нь зөв гэх мэт байр сууриа илэрхийлжээ.
Тухайлбал, Дорнод аймагт 20 гаруй аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж, 80 гаруй мянган га-д тариалалт хийдэг. Энэ жил 60 мянган тонн улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байгаа.”Дорнод гурил” компани хамгийн ихдээ 10 мянган тонныг авлаа гэхэд аймагт 50 гаруй мянган тн улаанбуудайн илүүдэл гарна. Үүнийг 1000 гаруй км тээвэрлэн, Улаанбаатарт худалдвал их зардал гарах учир 35-60 км зайтай Хятадын зах зээлд экспортолмоор байгаа юм. Бидэнд экспорт хийх зөвшөөрөл өгчихвөл улс хожно. Тариаланчид тн тутамд 150-200 мянган төгрөгийн тээврийн зардал төлөхгүй. Энэ хэрээр техник тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжтой. Иймд бирж дотоодын арилжаанд оролцохоос гадна экспортын чиглэлд ажиллавал илүү үр дүнтэй гэж тариаланчид ярьсан байна.