Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70 мянган удаа түрээслэжээ.
Уг төслийн багийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзаж, төслийн талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд Улаанбаатар хотод дугуйн замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд дугуй унах сонирхолтой иргэдийн тоо нэмэгджээ. Тиймээс уг төслийг үргэлжлүүлэн түрээсийн 500 дугуйг тодорхой байршилд байршуулах саналтай байгаагаа хэлсэн байна.
Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэл, замын түгжрэл зэргийг бууруулахад дэлхийн 600 гаруй хот түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Уг төслийг дэмжиж байна. Гэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хуулийн дагуу ажил хийгдэх ёстой. Иймээс 2018-2020 онд хэрэгжсэн төслийн үр дүн, санал, дүгнэлтийг албан ёсоор ирүүлэх хэрэгтэй” гэжээ.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг.