Бүтээсэн бүхнээ бүрэлгэх үү?
Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар салам ялагдлаа. Бут ниргүүллээ. Анх удаа ард түмний 10 хүрэхгүй хувь нь санал өгчээ. Монгол даяар шогширч байна. Шоолох нь нэг нь байхад харамсах нь ч бас байна. Ардчилсан нам энэ янзаараа тарж бутраад, юу ч биш болвол хэнд ашигтай вэ?
30 жилийн турш УИХ- ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн 24 удаагийн сонгууль болсноос зургаад нь л ялалт байгуулж, элдэв муугаар чичлүүлж амьдарсан жирийн гишүүдэд нь лав онцын ялгаагүй болов уу. Харин Монголын ард түмэнд ашигтай юу? Асуултад ард түмэн сүүлийн хэдэн сонгуулиар хариулт өгчихлөө. Ардчилсан нам энэ янзаараа байвал ард түмэнд лав хэрэггүй болжээ. Эд бол 1990 онд анх удаа олон намын тогтолцоонд санал өгсөн иргэд биш 30 жил сонгууль өгчихсөн туршлагатай сонгогчид. Сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг болох 45-70 насны иргэд Ардчилсан намын замнал, лидерүүдийнх нь хэлж ярьсныг алган дээрээ тавьсан юм шиг мэдэж буй.
Ардчилсан нам гэж юу вэ?
Ардчилсан нам бол өөр үзэл баримтлал бүхий есөн намын нэгдэл билээ. 1992 он, 2000 онд тус тус болсон хоёр том нэгдлийн үр дүнд одоогийн бидний Ардчилсан нам хэмээн харж буй улс төрийн бүтэц үүссэн.
1990.02.18-нд Ардчилсан хувьсгалыг хийсэн гол улс төрийн хүч болох МоАХ- ны Анхдугаар их хурал болж Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаа зарласан нь олон намын тогтолцооны эхлэл байв. Намын анхны дарга нь Э.Бат-Үүл. Энэ намд нийгмийн олон хүрээ, салбараас нэгдсэн голчлон либерал үзэлтэй залуус хамрагдаж байв. Харин 1990.03.02- нд Монголын Социал Демократ нам байгуулагдсан тухайгаа Монголын радиогоор зарлав.
МСДН-ын даргаар Бат-Эрдэнийн Батбаяр буюу одоогийн нийтлэлч Баабар сонгогджээ. Энэ нам өөрсдийн үзэл баримтлалаараа намаа нэрлэсэн, ихэвчлэн их сургуулийн багш, сэхээтнүүдийг нэгтгэж байв. 1990.03.11- нд Монголын Үндэсний Дэвшлийн нам байгуулагдсанаа зарлав. Энэ намын анхны дарга нь Да.Ганболд. Энэ намд эдийн засагчид голлон нэгдэж, үндэсний чиг баримжаатай, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг чухалчилж байжээ.
Үүнээс гадна Монголын Чөлөөт хөдөлмөрийн нам болон Ногоон нам ч байгуулагдсан байдаг. Энэ хоёр нам 1992 онд МоАХ-ны иргэний ардчилсан жигүүрийнхэн буюу хувьсгалын удирдагч С.Зоригтой нэгдсэн Монголын нэгдсэн нам гээчийг мөн байгуулж байлаа.
Анхны нэгдэл: МҮАН
Олон намын тогтолцооны эхэн үед байгуулагдсан эдгээр намууд бүгд үндэсний хэмжээний нам болж, 70 жил дарангуйллын чанартай төр барьсан МАХН-ын эсрэг сөрөн зогсож чадаагүй юм. Үүнийг 1990.07.22-29-нд болсон анхны чөлөөт сонгуулийн дүн харуулна. БНМАУ-ын АИХ-ыг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгуулиар МАХН 61.74, МОАН 24.33, МҮДН 5.94, МСДН 5.52 хувийн санал авчээ. Дээрх хувьд тэнцүүлэн Улсын Бага Хуралд суудал хувиарлахад МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН тус бүр гурван суудалтай болсон.
Эндээс МоАН нь бусдаасаа хол илүү улс төрийн хүч болчихоод байсан нь хэн ч харахад илт. Ийм ч учраас МоАН-ыг тойрсон ардчилсан үзэл бодолтой хүчнүүдийн анхны нэгдэл үүсжээ. 1992.10.25-нд болон МоАН, МҮДН, МСМН, МНН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Намыг байгуулав. Намын анхны тэргүүнээр Даваадоржийн Ганболд сонгогджээ.
Гурван жилийн дараа энэ нам намын дарга сонгох улс төрийн марафоныг улс орон даяар анх удаа зохион байгуулж Ц.Элбэгдорж, Д.Ганболдыг ялан намын даргаар сонгогдсон түүхтэй. Энэ намын гол мөхлөг нь МоАН байсан бөгөөд энэ хүч эдүгээгийн Ардчилсан намд гол орон зайг эзэлсэн хэвээр байна.
Харин зүүний үзэл баримтлалтай МСДН энэ анхны нэгдлийн гадна үлдсэн юм. Гэхдээ 1996 оны сонгуульд МҮАН болон МСДН “Ардчилсан холбоо эвсэл”-д нэгдэн оролцож түүхэн дэх хамгийн том ялалтаа байгуулсан юм. 76 суудлын 50 суудлыг авсан түүх Ардчилсан хүчнүүдийн түүхэнд үгүй.
Харамсалтай нь ялалт байгуулсан залуу намууд үзэл санаагаа огоорч, дотоодын хямралдаа живснээс болж ард түмний энэ том итгэлийг хэзээ ч эргэж сэхэхээргүй болтол газарт унагасан. Үр дүнд нь 2000 оны үнэмлэхүй ялагдал байлаа. Социологич Д.Мөнхтөр тухайн үед Ардчилсан холбоо эвслийн дотоод дахь хямралыг “Нэрийн хуудасны хямрал” хэмээн тухайн үедээ тодорхойлж, Ардчиллын төлөө намууд анх эхэлсэн үзэл санаанаасаа төөрснийг сануулж байлаа.
Хоёрдугаар нэгдэл: АН
Парламентад ердөө ганц суудалтай болтлоо салам ялагдсан МҮАН ялагдлын шалтгааны дотоод биш гадаад хүчин зүйлээс хайсан нь цаашдын механик нэгдлийн удиртгал болжээ. Хэдий үзэл баримтлалын зөрүүтэй ч, Ардчилсан хувьсгалын холбоотон МСДН-тай нэгдэж улс төрийн бүр том хүчин байгуулах хэрэгтэй гэсэн лобби МҮАН-ын дотор амилжээ.
Энэ санаачлагыг ажил хэрэг болгоход МҮАН-ын гишүүн Н.Батбаяртай хамтран ихээхэн хичээл зүтгэл гаргаснаа тухайн үеийн МСДН-ын генсек Н.Алтанхуяг дуртгалдаа бахархан бичсэн байдаг. Нэгдлийн эхнээс нь эсэргүүцсэн МҮАН-ын лидер М.Энхсайханыг ятгахаар Н.Алтанхуяг, З.Энхболд нар гэр лүү нь виски барин орж явахдаа энэ хор найруулга нь алсдаа Монголын ардчилалд ямар их гай түйтгэр авчрахыг гадарлаагүй нь лав.
Ардчилсан нам ер нь юу хийсэн юм бэ?
Тэгвэл Ардчилсан намгүйгээр өнөөдрийн амьдралаа төсөөлөх гээд үзье. Бидний амьдралд өнөөдөр эл дол болсон ч 30 жилийн өмнө ердөө л мөрөөдөл төдий байсан олон зүйл Ардчилсан намын оролцоо манлайлалгүйгээр бий болохгүй байсан нь үнэн билээ. Ардчилсан нам юу бүтээв гээд асуувал олон зүйлийг улиглан нурших хэрэгтэй болно. Гэхдээ хамгийн чухаг бүтээлүүдийг нь жагсаавал манай нийгмийн тулгуур баганууд сэрийж байдаг юм.
Манай нийгмийн таван тулгуур багана
Ардчилсан намын эхлүүлсэн ардчилсан хувьсгалын үрээр монголчууд бид ямартай ч энэхүү таван зүйлийг бий болгож чадсан билээ. Хэдий энэ нь улс нийгмийн хамтын хичээл зүтгэл хэдий ч, коммунист засгаас нэхэж, коммунист засгийг унагаж, үзэл санааны манлайлал үзүүлэн тэмцсэн нь Ардчилсан нам, түүний талархан дэмжигч, хожмын гишүүд байсан нь үнэн.
– Ардчилсан Үндсэн хууль
– Олон намын тогтолцоо
– Хувийн өмч
– Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
– Олон тулгуурт гадаад бодлого
Хэчнээн мушгин гуйвуулсан кино хийгээд, хөлсний бичээчдээр баллуурдуулаад арилж балардаггүй түүхийн үнэн, үйл хэрэг гэж байдаг. Учир нь тэрхүү үйл хэргийн үр хөврөл болсон үзэл санаа нь хүн ардын сэтгэлд нэгэнт үндэс хаван ургаад эхэлчихсэнд байдаг. Ардчилсан Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, үүлэн чөлөөний нар шиг тохиох цагийг олж хийсэн ардчилсан хувьсгалын хамгийн чухаг үр дүн.
30 жилийн өмнө улсын эрхийг нам нэртэй хэсэг бүлэг хүмүүс л барьдаг байлаа. Ардчилсан нам үүнийг эвдэн гарч ирсэн анхны нам. Ер нь үзэл санааны үүднээс нэгдсэн Монголын анхны улс төрийн хүчин. Гэтэл эдүгээ улс төрийн олон намын тогтцолцоог чичлэх болжээ. Бүр энэ тогтцолцоог үгүй хийх далд сонирхлууд ил гарч эхэлсэн.
Олон намын тогтолцооны тулгуур багана болсон хоёр намын нэг Ардчилсан нам нүдэн дээр нуран унаж, орон зайг нь нөхөх улсын хэмжээний улс төрийн хүчин бойжих нөхцөл алга байгаа нь өөрөө эргээд Үндсэн хуулийн дээр улаан мөнгө, улаан нам хоёр зайдагнах айдас төрүүлж эхэллээ. Дэглэлттэй, дэглэлтийнх нь үндсэн хүчин зүйл өдөр ирэх тусам цаас болж буй төгрөг болж хувирсан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нийгэмд аюулын харанга чангаар дэлдлээ.
30 жилийн хувийн өмчийг өмнө улсаас зориудаар хясан хорьдог байсан талаар өнөөдрийн хүүхдүүдэд ярьвал итгэхгүй биз. Даралттай шүршигч олж аваад зунжин машин угаагаад сургалтын төлбөрөө олчихдог, Хангайн нуруу руу самранд яваад ямартай ч нэг жилдээ эцэг эхийнхээ гарыг харахааргүй болчихдог малчны хүүхдүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй.
Сингапураас хямдралаар гар утас авч ирээд, Монголд нугалж зардаг сэргэлэн бацаанууд хэрэв тэр наймааг нь дамын наймаа гээд орлогыг нь хурааж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг оролдвол “галзуурна”. Гэхдээ тэдэнд “цагаан морин жилийн хувьсгал” гэдэг үг яг л “цуутын цагаагч гүү” гэдэг шиг зохиомол сонсогдож байгаа. Эрх чөлөө гэдэг үг ч ялгаагүй. “Хувийн өмч гэж байхгүй” хэмээн сүржигнэх хурандаагийн үгний цаадах харанхуй заналыг ирээдүй үе маань үнэндээ олж сонсохгүй.
30 жилийн өмнө Монголд үзэл суртлын хяналтын тусгай алба ажилладаг, бүтээлчид тусгай тамга даруулахгүйгээр юуг ч хэвлэн нийтэлж болдоггүй, даргыг шүүмжилсэн сэтгүүлч дээлээ нөмөрч, эсвэл хоолноосоо салдаг байсныг өнөөдрийн үзэл бодлоо нүд цавчилгүй худалддаг сэтгүүлч, уран бүтээлчдэд хэлвэл итгэхгүй нь лав. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цаанаа ямар их боломж, баялгийг агуулж байдгийг төв талбайдаа багтаж ядан цугласан хэвлэлийн газруудын номын яармагаас харж болно.
30 жилийн өмнө гадаад зорчих нь диваажинд морилохоос ч бэрх зүйл байсныг өнөөдөр хүссэн сургуульдаа захидал илгээж, шалгалтад нь тэнцээд хилийн чанадад одож буй залуус, зуны гурван сараар Солонгост очиж ажиллаад машины мөнгө хийчихээд ирдэг монголчуудад хэлвэл “хулхи нь бууна”.
Монгол Улс эдийн засаг, нийгмийн бүх л бодлогоо ганц хойд хөршөөс асуудаг, өөр улсын хэл соёл сонирхох нь гэмт үйлдэлд тооцогддог байсныг “Оюутолгойг хөөж гаргая” хэмээн хашгичих хүмүүст сануулвал, “тэр бүхэн ард хоцорсон” л гэнэ.
Гэхдээ түүх гэдэг ард хоцрон гээгддэг зүйл биш, хоржоонтойгоор эргэн давтагддаг, давтагдах эсэх нь хүнээс л шалтгаалдгийг хэлвэл, “битгий улигла” гэнэ. Монгол Улс хоёр их хөршөөсөө ахин хараат байхгүйн тулд дэлхийн олон улсын ашиг сонирхлыг өөр дээрээ татах хэрэгтэй, түүний үндэс нь гуравдагч улсын хөрөнгө оруулалт гэдэг энгийн үнэнийг хэлвэл “гаднын гар хөл”-өөрөө дуудуулна.
Ардчилсан намыг судлаачид юу гэж дүгнэв?
Социологич Д.Мөнхтөр: Нэрийн хуудасны хямрал
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ардчилсан намд өрнөж буй үйл явцад товчхон дүгнэлт хийжээ. Түүний өгүүлэх нь:
Аливаа сонгуулийн үр дүн бол ялсан талд өгч буй итгэл гэхээс илүүтэй ялагдсан “талд” өгч буй шанаа байдаг юм гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй болж дээ, холбогдох “улсууд” нь энэ Монголын улс төрийн тогоонд байдаг л бол. Эсхүл шинээр ирж яваа ч байсан ялгаагүй… 1990-ээд оны сүүл үеэс эхэлсэн гэж хувьдаа миний боддог Ардчилсан хүчнийхний “Нэрийн хуудасны хямрал” даамжирсаар ийнхүү
Ардчиллын нэрийн хуудасны хямрал болон үгдрэв.
Социологич О.Мөнхбат: Хуурмаг лидерүүдийг дэмжиж, ардчиллын хүчийг задалсан…
Ардчилсан намын хямралын үйл явц нийгэмд ямар хор уршиг дагуулахыг товч тодорхой өгүүлсэн байна. Түүний өгүүлэх нь:
Дарангуйлал хэдий нэг хүний нэрээр тогтдог ч үнэндээ түүний ард бүхэл бүтэн тогтолцоо үйлчилж, ард иргэд нь хүлцэж, сөрөг хүч нь “дэмнэж” байж орших боломжтой болдог. Сөрөг хүчин хагаралдаж, хуурмаг лидерүүдийг дэмжиж, ардчиллын хүчийг задалснаар “ДЭМНЭЖ” буй нь тэр. Тогтолцоог бол төрөөс цалинждаг “төрийн\ хамжлагын алба”, бүх нийтийн гишүүнчлэл дээр тулгуурласан нам ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ.
Харин ард түмэн нь “мартамхай”, “уучилж өршөөдөг өгөөмөр” зан үйлд автаж, гайгүй биз дээ гэх “уужим сэтгэл”-ээр хандсанаар ХҮЛЦЭЖ буй хэрэг. Дарангуйллыг эсэргүүцдэг бол энэ бүхэнтэй цөхрөлтгүй, уйгагүй тэмцэх хэрэгтэй болно. БИДНИЙ Л СОНГОЛТ.
Ардчилсан намд юу тохиолдов?
(Тэд нам уу, гэмт бүлэглэл үү?)
Коммунист ул суурь, захиргаадалтад суурилсан МАХН-ын эсрэг тэмцэх аргаа Ардчилсан нам олж чадаагүй юм. (Магадгүй өөр арга үнэхээр байхгүй байсан ч байж болох). Ийм ч учраас өөрсдийн үзэл санаагаа түрдээ хойш нь тавьж МАХН-ын коммунист бүтцийг үг сүггүй хуулж эхэлсэн. Ингэх явцдаа намын лидерүүд нь үзэл санаа гээч зүйлийг бүрмөсөн хойш нь тавьж, ашиг сонирхлоороо бүлэглэж эхэлсэн. Энэ бол төөрөгдөл биш гажуудал байлаа.
Үүнийгээ жам ёсны үйл явц мэт тайлбарлаж, “фракц” хэмээх нэр хайрлацгаав. Үнэндээ энэ нь хөгжлийн бодлого гэхээсээ ашиг хонжоо л ярьдаг гэмт хэргийн бүлэг шинжийг улам бүр олсоор байлаа. Улмаар МАХН-д намаа ээлжлэн худалдаж, намынхаа нэрээр шимэгчилж амьдардаг өрөвдмөөр бүтэц болон хувиргасан. АН-ын элдэв задралын шалтгааныг тоочиж цаас гарздахын хэрэг алга.
Цагтаа С.Зориг ч намаасаа өрх тусгаарлаж л явсан. Гагцхүү үр дүн улс төрийн нам гэхээсээ төрийн аппаратыг шимэгчлэх зорилготой шуурхай бүлгийн хэмжээнд очсон өнөөдрийн нөхцөл байдал Ардчилсан намын олж бүтээсэн зүйлгүйгээр өнөөгийн амьдралыг төсөөлөх аргагүй. Харин бүтээсэн муу муухай бүхэн нь эхэндээ энэ бүхний дэргэд өчүүхэн, ердөө л өөрсдийг нь л хорлох төдий өчүүхэн харагдаж байж.
Гэтэл тэрхүү “Өчүүхэн” нь бүтээсэн бүхнийг нь үгүй хийх чадалтайг бид харж байна. Амьд биеийн гайхамшиг болсон хүнийг ганц л дусал хороор үхүүлж болдог, бас сэхээж болдог. Гэтэл Ардчилсан намыг юугаар анагаадаг хэрэг вэ?
Үзэл санаа. Тэд 30 жилийн өмнө эхэлсэн цэгтээ эргэж ирлээ. Тэр үед Ардчилсан намд үзэл санаанаас өөр түшиг тулгуур байгаагүй юм. Үзэл санааг нь ойлгосон ард түмэн тойрон хүрээлсэн юм. Үнэхээр хийсвэр, хуурмаг сонсогдож байгаа биз. Үзэл санаа гээч зүйлээс бид ингэтлээ л холдож шүү дээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл