Монгол Улсын Шадар сайд бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны тухай болон тулгамдсан асуудлуудын талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Шадар сайдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тус газар нь Газрын цахим шилжилтийг Хиймэл оюун ухаан, Блокчейн технологи, Зайнаас тандан судлалын технологи гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд 8 гол ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Тухайлбал, газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус цахим системийг хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар, төлбөрийн хэмжээг үнэн бодитой ногдуулж, хураах боломж бүрдэх аж.
Таван жилийн судалгааны үр дүнд нэвтрүүлээд буй “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь Монгол Улсын хэмжээнд газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх мэдээллийн үндсэн суурь дата бааз учраас бусад төрийн байгууллагатай уялдаа холбоотой, нягт хамтарч ажиллах нь чухал байгааг салбарынхан энэ үеэр онцолж байв.
Уг нэгдсэн цахим систем нь:
– Төлөвлөлтийн;
– Газрын биржийн;
– Үнэлгээ, татвар, төлбөрийн;
– Кадастрын;
– Хаягийн;
– Мониторингийн;
– Хот байгуулалтын гэсэн 7 цогц мэдээллийн сангаас бүрдэх ба дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээх зорилгоор орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, ашиглах иргэд төвтэй Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц (Геопортал)-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж бүрэн нээгджээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын цахим шилжилтийг сайшаагаад Газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хиймэл дагуулын станц байгуулж, суурь мэдээллийг бүрдүүлэх, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад шаардлагатай хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулах, хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг төрийн байгууллагуудад ашиглуулах, дундын мэдээллийн санг үүсгэх зэрэг тулгамдаж буй асуудлыг Засгийн газарт танилцуулж, бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын алба мэдээлэв.