Шведийн Ecoloop компани дэлхийн дулааралд эрчүүд, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг яаж нөлөөлдөг ялгааг судалжээ.
Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийн 16 хувиар илүү хорт хий агаарт цацдаг. Мөн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний зардал, үйлдвэрлэгчдийн сонголт, тээвэр, бүтээгдэхүүний савлагааны зардал зэргийг судалжээ. Тэр ч бүү хэл хаягдал дахин боловсруулалтад хандах хандлагыг ч тооцжээ.
Шинжээчдийн дүгнэлтээр өдөр тутамд ижил зардал гаргахад эмэгтэйчүүд илүү экологид ээлтэй байсан бөгөөд олонх нь хувийн унаа бус нийтийн тээвэр ашигладаг, мах бага хэрэглэдэг, хорт зуршилтай тэмцэхийг хичээдэг нь батлагдсан байна.
“Уур амьсгалыг хувийн болгох бодлого боловсруулалтад эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгааг тооцох хэрэгтэй. Эмэгтэйчүүд гэр орноо чимэглэх, эрүүл мэнд, хувцсанд илүү их мөнгө зарцуулж байхад эрчүүд автомашины түлш, гэрээс гадуурх хооллолт, архи дарс, тамхинд илүү мөнгө зарцуулах жишээтэй” хэмээн Ecoloop судалгааны компанийн төлөөлөгч Анника Карллсон Каньяма мэдэгджээ.
Дэлхийн дулааралд хүйсийн үзүүлэх нөлөө бага судлагдсан, олон улсын нийгэмлэг үүнд анхаарах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Судалгаагаар хүлэмжийн хийн 50 гаруй хувь нь хоол, амралт зэрэг эрчүүд, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог аж. Тухайлбал, мах, сүүн бүтээгдэхүүнийг ургамлын хоолоор сольж, онгоц, автомашины оронд төмөр замын тээвэр хэрэглэснээр өдөр тутамд агаар цацагдах нүүрстөрөгчийн ул мөр 40 хувиар буурах боломжтой гэжээ.
Эх сурвалж: Mir24.tv