Сургуулийн өмнөх насны хүүхдүүд аль хэдийн мянга, мянган үгсийн сантай болсон байдаг. 2 настай хүүхэд цөөн хэдэн үг хэлж чаддаг бол 5 настай хүүхэд 2 настай хүүхдээс хэд дахин олон үг хэлж чаддаг. Хүүхдүүд энэ гайхамшигтай амжилтад хэрхэн хүрч чадаж байна вэ?
Хүүхдүүд олон янзын эх сурвалжаас олж авсан мэдээллээ хэрхэн нэгтгэдэг вэ? гэсэн асуултууд нь зуу гаруй жилийн турш сэтгэл судлаачдын дунд байсаар ирсэн юм.
Хүүхдүүд мэдээллийг хэрхэн боловсруулдаг, шинэ үгсийг хэрхэн сурч байгааг тайлбарлахаар Макс Планкийн “Хувьслын Антропологийн” хүрээлэн, Стэнфордын их сургуулийн “Сэтгэл судлал”-ийн тэнхим болон Массачусетсийн технологийн дээд сургуулийн “Тархи ба Танин Мэдэхүйн” тэнхимийн судлаачдын хамтарсан судалгааг эхлүүлсэн. Энэхүү судалгааны үр дүнд хүүхдүүдийн насны онцлог дээр суурилсан загварыг(Байесийн шийдвэр гаргалтын загвар) боловсруулсан байдаг.
Уг загварт хүүхдэд мэддэг зүйлийг (аяга гэх мэт) нь өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлтэй нь хамт үзүүлэн тэдгээртэй холбоотой үгсийг хэлэх үед шинээр харж буй объектыг шинээр сонсож буй үгтэй холбож ойлгох байдлаар загварчилсан. Судлаачид хүүхэд хэрхэн шинэ үг сурч байгаа процессыг урьдчилан таамагласан ч хүүхдүүд өөр өөр, зөрчилтэй мэдээллийн (зөрчилтэй мэдээлэл гэдэг нь хүүхдэд нугасгүй зураг харуулаад нугасны талаар хүүхдэд хэлнэ) эх сурвалжийг хэрхэн нэгтгэдэг нь нээлттэй асуулт хэвээр үлдсэн.
Иймд судлаачид 3 алхмаас бүрдэх шинэ төрлийн судалгаа эхлүүлсэн.
Эхний алхамд тэд хүүхдүүдийн мэдрэмжийг янз бүрийн мэдээллийн эх сурвалжид хэмжих хэд хэдэн туршилтыг явуулсан. Уг туршилтад зөрчилгүй зураг а зөрчилтэй зураг b гэсэн 12 хос нийт 24 зураг ашигласан.
Үүний дараагаар тэд тус мэдээллийг нэгтгэх аргыг нарийвчлан тооцоолсон танин мэдэхүйн загварыг боловсруулсан болно. Энэхүү загвар нь компютерийн жижиг программтай адилхан гэж ойлгож болох юм.
Судалгааны багийнхан хүүхдүүдийн мэдрэмжийг янз бүрийн мэдээлэлд туршиж үсэн бөгөөд эдгээр мэдээллийн эх сурвалжийг тус загвар нь рационал замаар нэгтгэн тооцоолох бөгөөд шинэ нөхцөл байдалд юу тохиолдохыг урьдчилан таамагладаг.
Эцсийн алхамд судлаачид рационал загвараас гаргасан таамаглал бодит амьдрал дээр нийцэж байгааг шалгахын тулд хоёроос таван настай хүүхдүүдийг судалгаандаа оролцуулсан. Загвар нь хүүхдүүдийн мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэж үг сурч байгаа үйл явцыг үнэн зөвөөр урьдчилан таамаглаж байгаа нь хүүхдүүд хэрхэн хэл сурч байгааг математикийн үүднээс ойлгох боломжийн эхлэл болж байна.
Эх сурвалж: Симуляци тооцооллын салбар, ЭША, Э. Ганхөлөг
https://www.mpg.de/17082160/0622-evan-how-children-integrate-information-150495-x