“Аэро-Монголиа” ХХК-ийн онгоц Улаанбаатар-Туркийн чиглэлд нислэг үйлдсэн агаарын хөлөг ОХУ-д саатаад байна. Онгоц ОХУ-ын Челябинск-Анталия нисэх буудалд түр бууж, онгоцоо цэнэглэх үед нисэх буудлын карго тээшийн зориулалттай автомашин тус онгоцны сүүлийг мөргөснөөс сүүл хэсэгт 12 см орчим цууралт үүсч цааш нислэг үйлдэх боломжгүйд хүрчээ.
Тус онгоцонд зорчиж явсан 140 гаруй зорчигч 11 цагийн хугацаанд ямарч үйлчилгээ байхгүй хуучин нисэх буудалд байна гэх мэдээ өчигдөр цахим орчинд тарсан. Энэ талаар “Аэро-Монголиа” ХХК тайлбар өгч, болсон явдлыг нотлоод зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 131 зорчигчийг буулгаж, онгоцыг иж бүрэн техникийн үзлэгт оруулж, хяналт шалгалт эхлүүлсэн гэж мэдэгджээ.
ОХУ-д саатсан зорчигчдыг авахаар өнөөдөр МИАТ-ын онгоц 16:00 цагт хөөрнө. Тухайн зорчигчдыг Туркийн Анталияд хүргэж өгөх юм байна. “Аэро-Монголиа” компани ОХУ-ын зохих гэрчилгээжсэн байгууллагаар онгоцонд үзлэг, шалгалт хийлгэж, хохирлын хэмжээг тодорхойлж, хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа юм байна.