Олон нийтэд цэнхэр үст нэрээр танигдсан Э.Цэрэндолгорын бэр, тэмээтэй аяллыг санаачлагч Э.Байгалмаа өнгөрсөн тавдугаар сард Налайх дүүрэгт гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Э.Цэрэндолгор түүний бэр хоёрын таарамжгүй харьцаа олон жил нийгмийн сүлжээнд дамжин яригдаж, өөрсдөө ч хатуу тайлбаруудыг нэг биш удаа хийж, хувийн харилцааны хувьд нандин зүйл үгүй болсон гэдгээ харуулаад байсан юм.
Талийгаач Э.Байгалмааг нас барсны дараа Цагдаагийн байгууллага хадам ээж Э.Цэрэндолгороос байцаалт авсан нь тэдний харилцаа, хандлага муу байсан, талийгаачийн төрсөн ээж нь охиныхоо үхлийн шалтгаанд хадам ээжийг нь хардсантай холбоотой байсан гэх ойлголтыг “Цэнхэр үст Цэрэн” өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан. Мөн бэр нь гэртээ өөр нэг хүнтэй хамт шатаж нас барсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийг ард иргэдэд хуурамч мэдээ тараасан гэсэн тайлбарыг өчигдөр дамжуулаад байсан юм.
Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа ikon.mn сайтад:
– Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр шатаж, дотор нь байсан иргэн Н.Байгалмаа нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтанд байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон.
-Иргэн Э.Цэрэндолгороос энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан. Хоёрдугаарт, гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох шинжилгээ хуулийн дагуу хийгдэж байгаа. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгагдаж дуусаагүй байгаа хэргийн явц, үр дүнгийн талаар нийтэд мэдэгдэх нь хуулиар хязгаарлагдсан.
Нэмж хэлэхэд иргэд маань олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо зөв илэрхийлж, үнэн бодитой мэдээллийг нийтэд түгээж байгаасай гэж хүсэж байна гэсэн тайлбарыг өгчээ.