Японы иргэдийн 90 орчим хувь нь Олимпийн наадмын үеэр илүү олон хүн коронавирусийн халдвар авах вий хэмээн болгоомжилж байгаа аж. Олимп болоход 4-хөн хоног үлдээд байгаа энэ үед Токиогоос түгшүүртэй мэдээлэл ирсээр байна.
Зэрвэсхэн харахад энгийн л санагдах энэ гэрэл зураг Олимпийн наадамд оролцогчдод таагүй асуудал үүсгэх төлөвтэй байгаа аж. Олон улсын Олимпийн хорооны гишүүн, Өмнөд Солонгосын иргэн Ю Сын Мин /баруун талынх нь/ ковидын шинжилгээгээр эерэг гэж гарчээ. Энэ асуудлаас болоод Өмнөд Солонгосын Спортын сайд, түүнчлэн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нар эрсдэлтэй асуудалд ороод байна.
Одоогийн байдлаар Сын Мин зочид буудалдаа тусгаарлагдсан байгаа аж. Сонирхолтой нь тэрбээр Япон руу нисэхийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэнэ. Түүнчлэн олимпийн наадмын зохион байгуулагчид өнгөрсөн долоо хоногт тамирчдын тосгонд амьдарч буй хүмүүсийн дунд COVID-19-ийн эхний тохиолдлууд илэрснийг зарласан юм.
Гэтэл Олимпод оролцохоор ирэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдрийн байдлаар нийт 15 тохиолдол батлагдсан бөгөөд 7 нь Олимпийн объектод шууд ажиллаж байжээ.
“Эрсдэлгүй байна гэж хаа ч байхгүйг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хүн амыг холилдох, мөн шилжилт хөдөлгөөн зэргийг эрс хязгаарласан. Тэгэхээр багууд хооронд халдвар дамжих боломжгүй гэдэгт бид баталгаа өгч чадна” хэмээн ОУОХ-ны Олимпийн наадмын гүйцэтгэх захирал Кристоф Дуби мэдэгджээ.
Япончуудын олонх нь гадаадын зочид төлөөлөгчид ирэхтэй холбоотойгоор наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж байсан юм. Учир нь хүн нэмэгдэхийн хэрээр өвчлөл өснө гэж үзсэн байна.
Токиод өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 1410 шинэ тохиолдол батлагдсан нь нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Тус улсад онц байдлын дэглэм хэрэгжиж байна.
Эх сурвалж: sportrbc.ru