Өнөөдрөөс (2021.07.16) Замын-Үүдийн боомт нээгдэж, ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Улсын баяр, наадмын өмнө Замын-Үүд дэх гаалийн газар БНХАУ-ын талд амралтгүй ажиллах санал хүргүүлсэн боловч Хятадын тал хүлээж аваагүй юм.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх саатаад буй бараа таваарын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг сайжруулах Ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Энэ дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын албаны 4 дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
Төрийн албан хаагчдаас шалтгаалан Замын-Үүдэд үүссэн ачаа барааны бөөгнөрлийг багасгахын тулд ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэж, хянан гаргажээ. Мөн баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаасан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлж, Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхэлсэн гэж Замын-Үүдээс мэдээлжээ.