Ялгуусан Ардын Хувьсгал бидэнд юу өгөв?

Монгол Ардын Хувьсгалын 100 жилийн ойд

Өнгөрсөн зууны арав, хориод оны үед Монгол эх орон маань Харийн колоничлол, гадаадын цэргийн дарангуйлал, феодал хамжлагын бузар ёс, дарлал мөлжлөг, шашны харанхуй бүдүүлэг дэглэм, гадаадын цэргийн заналхийлэл, олон зуун жилийн соёлын хоцрогдолд тийчэлж байлаа.

Сүх жанжин, Чой Маршалын үед 1921 онд Эх орноо гамин, цагаантнаас чөлөөлж, Тусгаар тогтнолоо зарлаж, Ардын засаг, Бүгд найрамдах засаглалыг тунхаглаж, эгнэшгүй анд найз нөхрөө олж, гадаадын шунахай мөнгө хүүлэгчдийн мөлжлөг, феодлын бузар хамжлагат ёсыг халж, дарлал мөлжлөгийг шат дараалалтай устгаж , ард түмнийхээ эрх, эрх чөлөөг 1924 онд Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь Азийн ард түмнүүдийн түүхэнд болсон цоо шинэ түүхэн дэвшилт үйл явц мөн байлаа. . Монгол үндэстэнд их хохирол тарьсан хэлмэгдүүлэлт, баруунтан, зүүнтний нугалаа завхрал, дүрвэн нүүдэллэлт, олон аймаг сум хамарсан лам нарын бослого хөдөлгөөн зэрэг түмэн бэрхшээлийг МАН, Ардын төр ард түмнийхээ хамт даван туулж, эдийн засаг, соёлоо хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэв.

Халхын гол, 1945 оны дайнд энх тайвны хүч, Холбоотны талд бат зогсож, харийн түрэмгийлэгчдийг хиар цохин ялалт байгуулж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэв. Монгол Улс бодож тунгаасан нарийн зөв, энх тайванч геополитикийн бодлого хэрэгжүүлсний ачаар 1945 оны 2 сагын 11-д АНУ, ЗХУ, Их Британи улсуудын тэргүүн нар Монголын Статус квог хэвээр хадгалах түүхэн шийдвэр гаргав. Ардын нам, Ардын төр энэ шийдвэрийг Бүх ард түмнийхээ санал асуулгаар нотлон баталгаажуулж, эх орныхоо гадаад харилцааг хөгжүүлж, нийгмийн янз бүрийн байгуулалтай, одоогийнхоор 120 оронтой дипломат харилцаа тогтоож, 1961 онд НҮБ-ын гишүүн болсон нь манай гадаад байдлыг бэхжүүлж, олон улсын дундах нэр хүнд , байр суурь бэхжив.

Ардын нам, засаг Монгол улсынхаа дархан хил хязгаарыг хөрш орнуудтай зөвшилцөн, Дэлхийд 18-д жагсах том улсын хил тогтоож, олон улсын баталгаатай, хэн ч халдашгүй, хэн ч маргашгүй болгосон нь эх орныхоо өмнө байгуулсан юутай ч зүйрлэшгүй том гавьяа байв.

Ард түмнийхээ үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх талаар нэн их анхаарал тавьж, үндэсний шинжтэй элдэв мөргөлдөөн, хэрүүл маргаан ганц ч гаргалгүй улс орноо эв ухаанаар удирдсан юм..

Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар нам, төрөөс олон талтай үйл ажиллагаа явуулж, нөр их хичээл зүтгэл гаргаж, 1930 онд Аж үйлдвэрийн комбинат сүндэрлүүлж, 1940-1985 оны хооронд , аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 244 дахин, бүх төрлийн тээврийн ачаа эргэлтийг 581 дахин, барилга угсралтын ажлын хэмжээг 210 дахин нэмэгдүүлж чадсан, монголчуудын үндэсний бахархал болсон Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр, Бага-Нуур, Хөтөлийг бүтээн байгуулсан нь Ардын засгийн жилүүдийн бахдам амжилт мөн байв.

Ардын нам засаг хүн амаа соёлжуулан гэгээрүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлэн, 1921 онд анхны иргэний боловсролын сургуулиуд байгуулж, Судар бичгийн хүрээлэнг үүсгэж, театр, кино бүтээж, 1940-1984 онд ерөнхий боловсролын сургууль 580, техник мэргэжлийн сургууль 40, техникум 21, их, дээд сургууль 8-ыг цоо шинээр, иж бүрнээр барьж, суралцагчдын тоог 28 мянгаас 511 мянга болгон өсгөж2, бүх хүн бичиг үсэг мэддэг болж НҮБ-ын ЮНЕСКО-гоос өргөмжлөл хүртсэн Азийн анхны орон, үр хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг, сургууль завсардах явдлыг арилгасан, боловсрол өөдлөн дэвжиж буй орон болгосон юм. МУИС, ШУА байгуулсан нь ХХ зууныхны их гавьяа мөн байлаа.

Монголын үндэсний соёл урлаг, биеийн тамирын салбарыг өмнөх үетэй зүйрлэх аргагүй өндөр түвшинд гаргаж, үндэсний хэлбэртэй, дэлхий нийтийн агуулгатай соёлыг хөгжүүлэх, ард түмний амьдрал ахуйд хүн төрөлхтний болон Европын тэргүүний соёл нэвтрүүлэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн.

Монголын малчдын уламжлалт аж ахуйг хөгжүүлж, нэгдэл, сангийн аж ахуйнуудыг байгуулж бэхжүүлсэн, хөдөө нутгийг хөгжүүлэх, гэрэл цахилгаан, соёл нэвтрүүлж, хөдөөгийн хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлж, малчдыг цалинтай болгон, нийгмийн хамгаалалд бүрэн хамруулж, хөдөөд 400 орчим шинэ хот суурин босгож, малчид, тариаланчдад зориулсан сургууль, эмнэлэг, цэцэрлэг, клуб, соёлын ордон, номын сан байгуулахад эргэлт өөрчлөлт гаргасан, газар тариаланг хөгжүүлж, атар газар эзэмшин эдийн засгийн том салбар болгож, хураасан үр тариаг 1940-1985 онд 60 дахин өсгөж, өөрийн ард түмнийхээ гурилын хэрэгцээг бүрэн хангадаг орон болгож чадсан юм..

Ардын нам, засаг Ард түмнээ энэрэн хайрлах хүмүүнлэг бодлого явуулж, аж амьдралыг нь байнга дээшлүүлж, ядуурал гуйланчлалыг арилгаж, нийгмийн халдварт өвчнийг устгаж, эх нялхсыг болон ахмад үеээ халамжлан хамгаалах тууштай бодлого явуулж, 1918 оны тооллогоор 500 мянга байсан хүн амаа 1940 онд 738 мянга болгож, 1985 онд 1 сая 866 мянган хүнтэй3 хүүхэд, залуучуудын орон болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хатуу журам ёсчлон тогтоо, гуйлгачин тэнэмэл хүүхэд, траншейны амьдрал, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, хүүхдийг хүчирхийлэх, хүүхэд амиа хорлох, гудамжинд хог ухах, гутал тослох, өлсөж цангах, даарч зутрах, томчуудын дарамтанд орох, нялхас амьдаараа хаягдах гэж юу байдгийг мэддэггүй, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн зорилгоор амьдардаг орон болгосон нь нийгмийн асар том өөрчлөлт мөн байв.

БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудыг санаачлах, боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйлсэд Ардын нам, засаг гарамгай үүрэг гүйцэтгэсэн, үнэ төлбөргүй сурах, хөдөлмөрлөх, амрах, тэтгэвэр тэтгэмж авах, үнэ төлбөргүй эмчлүүлэх, хурал цуглаан хийх, саналаа хэлэх, хэвлэн нийтлэх, гудамжны жагсаал цуглаан хийх, тэгш эрхтэй байх, шашин шүтэх, чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа шилэн сонгох, орон сууц, захидал харилцааны нууцыг хамгаалах, улс нийгэм, аж ахуйг удирдах хэрэгт чөлөөтэй оролцох, ардчилсан төрөл бүрийн нийгэмлэг байгуулах, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх зэрэг хүний гол үндсэн эрх, эрх чөлөөг тунхаглаж хэрэгжүүлсэн.

Ардын засгийн жилүүдэд Монголын эмэгтэйчүүдийг феодлын хамжлагын богтлох муухай ёсноос салгаж, ажилгүйдэл, ядуурал, гуйланчлалаас бүрэн холдуулж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог, улс ардын аж ахуйн янз бүрийн салбарт ажиллагсдын 50 хувь, эмч нарын 60 хувь, бүх шатны депутатуудын гуравны нэг, соёл, шинжлэх ухаан, урлагын гавьяатнуудын 23 хувийг эзэлдэг4, улс орныхоо эзэн болсон, эрх чөлөөт иргэд болгож чадсан нь улс төрийн асар том дэвшил байв.

Ардын нам, засаг цөөн тооны түүх соёлын боловсон хүчин бүхий, хүн амын 3 хувь нь бичиг үсэг үл мэддэг орныг хүлээн авч, үндэсний сэхээтнийг бэлтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар онцгой идэвхитэй үйл ажиллагаа явуулж, дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 128 мянган /1985 он/ мэргэжилтэн бэлтгэж5, удирдах боловсон хүчний асуудлыг нам, төрийн бодлогын зангилаа асуудлын түвшинд тавьж, үндэсний сэхээтний бүхэл бүтэн давхрааг бий болгосон.

Монгол хүний амьдрах хөгжих гол орчин болсон байгаль орчныг хамгаалах төрийн нэгдсэн бодлого, хууль эрх зүйн тогтолцоог шинээр бий болгож, байгалийн нөхөн сэргээх ажлыг эхлүүлж, Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазтай 13 газар, түүний дотор 5,3 сая га хэмжээтэй Говийн дархан газар бий болгож6, дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн хоёрдахийг Монголын нутагт буй болгосон. Их дэлгүүрийн дэргэд буга согоо билчдэг, байгаль онгоноороо, газар нутгаа ухаж төнхөөгүй орон байсныг монголчуудын олонхи мартаагүй байгаа.

Сүүлийн 30 жилийн Монголын хөгжлийн хандлага бол өнгөрсөн 70 жилийн хөгжлийн үргэлжлэл байсан гэж хэлж болох юм. Сайн муу хосолсон 30 жилийн алдаа оноо бол бид бүгдийн л алдаа оноо байв. Энэ бол түүхэн сургамжийн он жилүүд байв. Юун дээр бид амжилт олж, юун дээр алдсан, цаашид хэрхэн хөгжих тухай бид бүгд сайн мэдэж байгаа билээ. Харин өнгөрсөн түүхээ үл ойшоох хандлага ам бөхтэй байгааг л бид засах ёстой байгаа юм.

МУИС-ийн профессор, доктор Ц.Жамбалсүрэн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн