АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 52 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг өнөөдөр хандивлалаа.
Хандивын аппаратыг (хүлээж авсан төрийн байгууллага, албан тушаалтан) хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ.
Монголд ковидын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм.
Нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьсан 7 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд аяны тухай сонсч хандив илгээж, анхны зорилтоосоо 60 хувь давуулан нийт 49 ширхэг аппаратын хандив цугларсан ажээ.
“Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа.
Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ.
Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яавал энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэлээ.
Олон улсын чанарын шаардлага хангасан, нэг зэрэг хоёр хүнд залгадаг хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд сайн үйлсийн аянд нэмж 3 аппарат хандивлав.
Тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм.
“Говь сан” нь АНУ-ын Калифорни мужид хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус (501c3) байгууллага юм.