“Токио 2020” Олимпын наадмын галт бамбарын сүүлчийн буухиа зуны Олимп эхлэхээс яг хоёр долоо хоногийн өмнө Японы нийслэл хотноо өнөөдөр эхэллээ.
Галт бамбарыг хүлээн авах үйл ажиллагаа Комазава олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Ёслолын ажиллагааны үеэр Токио хотын захирагч Юрико Коикэ буухиа элч, Паралимпийн гурван наадамд оролцогч Аки Тагучигаас бамбарыг хүлээн авчээ. Токиогоор аялуулах буухиаг зургаан хэсэгт хуваасан бөгөөд галт бамбарыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.
Токио хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан галт бамбарыг үзэгчгүй, олон нийтийг хамруулахгүй аялуулахаар болжээ. Японы нийслэлд энэ долоо хоногт өдөрт илрэх халдварын тохиолдол сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.
Токиогийн Олимпын бамбарын буухиа Японы хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн билээ.
“Токио 2020” Олимпын наадмын бамбар нь 71 см урттай, 1.2 килограмм жинтэй бөгөөд Япон улсын бэлгэ тэмдэг болох сакура цэцгийн хэлбэрээс санаа авч, 30 хувийг нь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийжээ.
Эх сурвалж: ТАСС.РУ