Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тусгай зориулалтын программ ашиглаж иргэдийг залилдаг этгээдүүдийг тус газраас илрүүлжээ. Тодруулбал, Э, Г, Ж, Т, Ч нар нь үгсэн тохиролцож, иргэдийн хаяг руу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, өөрсдөө нэвтрэн бүртгэлтэй мэдээллүүдийг өөрчлөн олон тооны хаягийг цуглуулсан байна.
Үүнийгээ ашиг олох зорилгоор бусдад зарах, тодорхой мэдээллийг хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор их хэмжээний хаягийг нэг командаар удирдах программ хангамж зохион, гадаадад сервэрээ байрлуулсан хэргийг тогтоон, мөрдөн шалгаж байна.
Энэ явцад бусдаас тодорхой захиалга авдаг, олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг харлуулах, эсвэл илтэд хэн нэгнийг дэмжих үйлдлийг хийдэг нь тогтоогджээ.
Албаны хүний хэлж буйгаар иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Шалгалтын явцад иргэд цахим хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар, төрсөн өдрөөрөө хийдэг. Цахим хаягийнхаа хамгаалалтын горимуудыг бүрэн ашиглахгүй байна. Мөн хаягийн ард байгаа хүнийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлж хохирох нь их байгаа юм.
Иргэд энэ төрлийн хэргийн хохирогч болохгүйн тулд цахим хаягтаа нэвтрэх нууц үгээ тогтмол солих, хэн нэгэн таахад амар хялбар байлгахгүйн тулд гар утасны дугаар, төрсөн өдөр зэргийг нууц үгээр ашиглахгүй байхыг анхааруулж байна.