Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна.
Тэдний соёлын биет бус өв наадмыг ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байгаа гэлээ.
Өнөөдрийг хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадам тасалдаж байгаагүйг хэлээд наадмыг цуцалж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаагаа хэлээд ҮАБЗ-д уг шаардлагаа хүргүүлэх болохоо уяач Б.Нямжав мэдэгдлээ.
Тиймээс нэгэнт бэлтгэлээ хангасан бөх, уяач, харваачдыг нөхцөл байдлаа харж байгаад хийх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд наадмыг зөв зохион байгуулалттай хийх ёстой гэдгийг хэлж байв.
Монголын Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав “ҮАБЗ-ийн яаралтай хуралдуулж, 7-р сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөх ёстой. Хэрэв хүлээн авахгүй, татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бидэнтэй хамт Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэм нэгдсэн. Наадмыг заавал 7-р сарын 11-нд хий гээгүй. Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчлөөд хийх боломжтой” гэсэн юм.
Б.Ирээдүй