Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.07) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын санал авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 71.7 хувь буюу нийт 43 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 48 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хийж дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, Д.Ганбат, С.Чинзориг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Ц.Даваасүрэн нар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж буй санал, шаардлагыг хэрхэн шийдэхтэй холбогдуулан асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заавал төсвийн тодотголд тусгаж шийдүүлнэ гэхгүйгээр эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг бүрэн гүйцэд ашиглах замаар шийдэх бүрэн боломжтой. Хуулиар зохицуулсан эрх зүйн чадамж, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж үзэж буйгаа хэллээ.
Үүгээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгасан юм.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан тус бүрээр нь санал хураалгав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 79.1 хувь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан санал хураалт явуулан 55 гишүүний дэмжлэгээр хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн баталлаа.