Ардчилсан намаас КОВИД-19-ийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, Улс төрийн намын шинэчлэл, намын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “Нийгэмд үүсээд буй бухимдал, цар тахалтай холбоотойгоор Ардчилсан намын улс төрийн зөвлөл өөрсдийн дүгнэлтийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос цар тахалтай тэмцэх зориулалтаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд асар их хөрөнгө мөнгө зарцуулж, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнгүй болж, сүүлийн үед халдварын тоо огцом өсөн нэмэгдэж, Монгол Улс нэг сая хүнд ногдох өвчлөл, нас баралтын тоогоор бүс нутагтаа тэргүүллээ.
Өнөөдрийн байдлаар 128 мянган хүн халдвар авч, нас баралт 640-ийг давсан. Монголчуудад энэ төр засгаас асуух маш их болж байна. Өнөөдөр иргэд халуун зунаар хаашаа ч явж чадахгүй, бүх бизнес нь гацаж байна.
Монголбанкны статистик мэдээллээр 2016 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 27.9 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өр болон улсын дундаж зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин их хэмжээний өрийг бидэнд бий болгочхоод байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд ямар ч УИХ, Засгийн газар ийм их хэмжээний өрийг үйлдвэрлэж байсангүй.
Энэ бүх асуудалд хариуцлага хүлээлгэх, асуудлуудаас гарах гарцыг тодорхойлохын тулд Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ биелүүлж, одооноос идэвхтэй ажиллана” гэв.
Ардчилсан намын зүгээс яаралтай хийж, хэрэгжүүлэх 11 ажлын жагсаалтыг зөвлөмжийн хамт гаргасныг тэрбээр мөн хэлэв. Тухайлбал,
Эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
Эрсдэл бүхий хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох,
У.Хүрэлсүхийн засгийн газрын нэг их наяд төгрөг, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын 10 их наяд төгрөгийн тайланг ил тод нээлттэй болгох,
ОУ-ын Банк санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш орнуудаас олгосон болон олгохоор гэрээ хийсэн 784 сая ам.долларын зээл тусламжийн зарцуулалтыг ил болгох.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжиж байгаа цахилгаан дулааны мөнгийг тэглэсэн тайланг танилцуулах гэх мэт ажил багтжээ.