“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед “Ирээдүйн өв сан”-гийн үлдэгдэл эрсдэлд орсон байж болзошгүй тухай асуудлыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндөв.
Тэрбээр “Ирээдүйн өв сангийн үлдэгдэл тодорхойгүй байна. Эндээс тодорхой хэмжээг нь улсын төсвийн зарлагыг хаахад зарцуулсан. 6,900 төрийн байгууллагын зардлыг төрийн санд төвлөрүүлж нэг зардалтай болгосон. Энэ байгууллагууд нэг дор гүйлгээ гаргадаггүй. Тодорхой үлдэгдэл нь төрийн санд байдаг. Цар тахлын үед ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байж магадгүй.
Төсвийн зарлагын дэд хороог хуралдуулах үеэр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд ирээдүйн өв сангийн үлдэгдэл ямар байгааг шалгаж мэдээлэх болно. Уг сангийн үлдэгдэл эрсдэлд орсон байх магадлалтай гэж сөрөг хүчин үзэж байна” гэв.
Б.Ирээдүй