Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой асуудлаар МҮЭХ-оос мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Эрүүл мэндийн салбарынхан аргагүйн эрхэнд цалин хөлсөө нэмэгдүүлэх шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн. Энэ тэмцлийн үйл ажиллагаа зөвхөн талбай дээр сууж байгаа эмч, эрүүл мэндийн салбарын цөөн тооны хүний тэмцэл биш нийт улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан дэмжиж байгаа зүйл. Энэхүү тэмцлийг МҮЭХ 100 хувь дэмжиж байна. Бид зургадугаар сарын 15-аас хойш тодорхой хугацаанд төсвийн тодотгол нь явагдаад, салбарын түвшинд бусад эх үүсвэрээр цалин хөлс, нөхөн олговрыг олгуулах арга хэмжээ авна гэсэн ойлголттой байсан. Бүх албан ёсны телевиз, сайтаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүллээ гэх мэдээлэл гарч байв. Харамсалтай нь энэ асуудлыг улаан, ногоон бүсээр ялган, төсвийн тодотголын хүрээнд яг яаж шийдэхээ ил тод салбарынханд явуулахгүй байна. Ийм учраас МҮЭХ-ны удирдлага болон ажилтнууд өнгөрсөн долоо хоногоос энэхүү тэмцлийн үйл ажиллагаанд хууль дүрмийн дагуу мэргэжлийн арга зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байна.
Зургадугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн МҮЭХ, МЭМАҮЭХ-ны санал шаардлагыг нэн даруй дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэхийг шаардаж байна. Ковидын үеийн Монгол Улсын хууль бий. Энэхүү хуульд заагдсан заалтуудыг дагаж мөрдөхийг бид шаардаж байна гэжээ.
Л.Баяр