УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхэлсэн.
Ийнхүү УИХ-ын гишүүний орон гарсан тул Монгол УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тухайн тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэхийг Улсын Их Хурлаас тогтоож өгөх нөхцөл үүссэн учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналын үндэслэн УИХ-ын тогтоолуудын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, зарим гишүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор уг төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.
Дараа нь “Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын Их Хурал тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.
Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай” УИХ-ын 2020 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн 58.3 хувь нь төслийг дэмжив.
Үргэлжлүүлэн “Монгол УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн юм.