Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өөр вакцинуудыг хольж хэрэглэсний дараах үр нөлөөг хараахан судалж амжаагүй байгаа тул коронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна.
Энэ талаар ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын дарга Кейт О’Брайен өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой твиттер хуудсаар асуултад хариулах үеэрээ мэдэгджээ.
Түүний хэлснээр, ДЭМБ-д одоогоор зөвхөн Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцины эхний тунг хийлгэсний дараа Америкийн “Pfizer” компанийн вакцины тунг тариулсан тохиолдолд дархлаажуулалтад хоёр вакциныг хольж хэрэглэх боломжтой талаарх мэдээлэл байгаа аж.
ДЭМБ-д энэ тохиолдлоос өөр хоёр вакцин хольж хэрэглэсний дараа дархлааны хариу урвал үргэлжлэх эсэх, хэрэглэхэд аюулгүй эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна. “Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд үр дүнгийнх нь талаарх мэдээллүүд ирэх саруудад ирэх төлөвтэй байна. Одоохондоо бид хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна” гэж ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын дарга хэлжээ.