Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай боллоо. 52 гишүүн буюу 86.7 хувь нь дэмжсэнээр энэ хууль эцэслэн батлагдлаа. Ийм хуультай болох 10 жилийн өмнө буюу 2010 онд анх гарч байжээ. Дараа нь 2012 онд ажлын хэсэг байгуулагдаж, 2015 онд анхны төсөл эхэлж байжээ. Бодит ажил хэрэг болсон нь 2019 он юм. Кино бол дэлхийн соёл урлагийн хамгийн чухал салбар. Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна.
1930 онд кино үйлдвэрлэлийн салбар анх байгуулагдаж байсан. Монгол киног дэлхийн түвшинд гаргах, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Соёлын яам, кино урлагийн салбарынханд Монгол киноны чанарыг сайжруулж, дэлхийн түвшний техник технологийг эзэмших, мэргэжлийн түвшний ажилтнуудыг бэлтгэн Монгол киногоо дэлхийд гаргах үйл хэрэгт нь сайн сайхныг хүсье” гэлээ.
Б.Ирээдүй