Монгол Улсын газрын хэвлий дэх баялгийг авахын тулд химийн хорт бодисоор хөрс, ус бохирдуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай нэг бус компани бий. Хууль сахиулах байгууллагынхан тэднийг шалгаж буй ч шүүхээр хараахан гэм бурууг нь тогтоогоогүй байгаа. Тэдний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” ХХК. Тус компанийнхан өнгөрсөн өвөл химийн хортой 1.2 тн цианит натри хөрсөнд асгасан. Ингэж химийн хорт бодисоор хөрс бохирдуулсан тохиолдол тус компанийнханы хувьд ганц дээрх биш. Удаа дараа давтагдаж буй ч хариуцлага хүлээсэн явдал нэгээхэн ч үгүй.
Тэгвэл эх орны зүүн хязгаарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” гэх компанийнхан ч бас Монголын хуулийг уландаа гишгэж, химийн хорт бодисоор Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын зааг нутагт Сэвсүүлийн хөндийн газрын доорх усны нөөцийг ч бохирдуулж буй талаар манай сонин удаа дараа бичиж буй. Үүнтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагынхан хэд хэдэн удаа шалгасан ч гэм буруутай, эсэхийг нь шүүх шийдвэрлэлгүй, хариуцлага тооцож чадахгүй л байгаа.
АМГТГ-аас MV-000247, MV-010089 дугаартай тусгай зөвшөөрөл авсан “Шинь шинь”, MV-013555 дугаартай лицензтэй “Хунбөө” компанийнхан үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх маш их хэмжээний ус ашиглаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүйг тухайн үед тогтоосон байдаг. Мөн үйлдвэрлэлийн шингэн хаягдлын далангийн хажууд, батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй байршилд, эргэлтийн усан сангийн баруун хойд талд байрлах хяналтын цооногт шүүрлийн усыг зориулалт бусаар цуглуулан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд шавхан зайлуулсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан химийн бодисын үлдэгдэл, хог хаягдлыг хадгалах, устгах цэггүй, химийн бодисын савыг ил задгай хаяснаас хур борооны усаар дамжин хөрсөнд нэвчин гүний усанд нөлөөлж, орчныг бохирдуулах нөхцөл байдал үүссэн, хаягдлын даландаа чанаргүй плёнк ашигласнаар хөрс, газрын гүний усыг хордуулж байж болзошгүй гэж шинжээчид дүгнэсэн байдаг. Тодруулбал, Дорнодын усны хагалбар газрын нэг Сэвсүүлийн хөндийн газрын доорх усны нөөц, гүний ус болон хөрсөнд хаягдал уснаас үүдэлтэй бохирдол нөлөөлж байх магадлалтай. Энэ мэтээр хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан хэрэгт холбогдуулан “Шинь шинь” компанийн нэг бус албан тушаалтныг хариуцлагад татах саналаа Экологийн цагдаагийн албаныхан хяналтын прокурорт хүргүүлээд буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
– Экологид 672 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж шинжээчид дүгнэв –
Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар чухам ямар нотлох баримтууд тогтоогдсоныг эх сурвалжуудаас тодрууллаа.
“Шинь шинь” компанийн баяжуулах үйлдвэрт 2010 оны өвөл цахилгааны саатал гарсны улмаас анх химийн хорт бодис хөрсөнд асгаж эхэлсэн байдаг. Үүнээс үүдээд хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн бөгөөд Сэвсүүлийн хөндийн гуу жалгыг даган урсаж, хөлдөн улмаар хавар нь хайлж хөрсөнд шингэсэн аж. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа мэргэжлийн байгууллагын шинжээчид баяжуулах үйлдвэрийн ойр орчимд 15 газраас хөрс, усны дээж авч шинжлэхэд багагүй хэмжээний талбайг химийн хорт бодистой усаар бохирдуулсан гэж дүгнэн, экологи-эдийн засгийн үнэлгээг 215 сая гаруй төгрөгөөр тогтоож байжээ. Улмаар 2015 онд хэргийг нарийвчлан шалгаж байхад тухайн үеийн Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Ш.Нямдорж (НПГ-ын ерөнхий прокуророор ажиллаж байсан) хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон түүхтэй.
Харин УЕПГ-аас 2018 онд хэргийг сэргээн шалгах тогтоол баталж, улмаар НПГ-аас дахиншинжилгээ хийлгэх шийдвэр гаргаснаар мэргэжлийн байгууллагынхан “Шинь шинь” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн орчмын хөрс, уснаас дээж аван дахиж шинжилжээ. 2019 оны нэгдүгээр сард гаргасан шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар эл компанийн уурхай, баяжуулах үйлдвэр орчмын хөрсөн дэх хүнд металлын агууламж Монгол Улсын стандартаас өндөр гарсан нь химийн хорт бодисоор бохирдсоны илрэл гэж үзэж болох нь. Өөрөөр хэлбэл, 2014 болон 2019 онд шинжилгээ хийхдээ хэд хэдэн дээжийг нэг газраас давхардуулж авсан юм байна. Ингэснээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай эл компани Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын заагт хөрс бохирдуулж байна гэж дүгнэсэн юм билээ. Ингээд Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр “Шинь шинь” компанийг яллагдагчаар татахаар болсон гэнэ. Мөн хүнд металлын тархалтаас 427.5 сая, усанд 245.1 сая, нийт 672 сая төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан гэж үзсэн байна. Шүүхээр тус компанийг гэм буруутай гэж тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4-т заасны дагуу дээрх хохирлыг гурав дахин нугалж төлүүлэх ёстой.