ШӨХТГ-аас Хүнсний аюулгүй байдалд нэлээн анхаарч ажиллаж, импортын бүтээгдэхүүний шошго нь Монгол хэл дээр тайлбартай байх ёстой, хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг үнэн зөв бичих ёстой. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх хэрэгтэй гэх шаардлагыг аж ахуй нэгжүүдэд тавьж буй.
Тэдний шаардлага эхнээсээ ажил хэрэг болоод эхэлсэн. Ямартай ч үйлдвэрийн аргаар гаргаж авсан зөгийн балыг “Хиймэл зөгийн бал” гэсэн нэршилтэй болгоод байна.
Мөн импортоор орж ирсэн бүтээгдэхүүний шошго нь Монгол тайлбартай байх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа. Тэгвэл энэ нь мөн л ажил хэрэг болсон талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа хуваалцлаа.
Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлыг ярьж, ойлгож, шаардаж сурсан цагаас эрүүл мэндийн тухай ярьж болно. Нэг зүйлд баяртай байна. Хүүхэд байхад анзаардаггүй байсан зүйлээ том болоод өөрөө өөрчлүүлнэ гэж бодож байсангүй.
Алдарт Цагаан самар 1990-ээд оны дунд үеэс Монголд орж ирсэн гэгддэг. Өнгөрсөн хугацаанд хэн яагаад хаяг, шошго яриагүйг, хуулийг үл тоомсорлон явж ирсэнийг хөндөөгүйг гайхах юм. Энд зөвхөн самар асуудал биш хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай асуудал яригдаж байгаа. Дараагийн орж ирэх самарнууд Монгол хаяг шошготойгоор худалдаалагдана. Энэ бол үр дүн.
Одоо үлдсэн 33-н импортлогч компанийн бараа бүтээгдэхүүнээс ийм үр дүн шаардана. Хэрэглэгчийг хэлний мэдлэгтэй байхыг шаардахгүй. Харин хэрэглэгчид эх хэлээрээ, ойлгох хэмжээнд мэдээллийг авч байх ёстойг нэхнэ, шаардана” гэв.
Б.Ирээдүй