Эх сурвалж: montsame.mn
Монголын зураачдын бүтээлийг АНУ-ын уран бүтээлийн FineArt America цахим худалдааны хуудсанд байршуулан сурталчилж, худалдах үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Монгени” цогцолбор сургуульд боллоо.
Энэхүү олон улсын цахим хуудсанд манай улс MONGOLART гэсэн нэр бүхий нүүр хуудастай болж буйг энэ үйл ажиллагааг зохион байгуулж буй “Монгол брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий онцлов.
Эхний ээлжинд Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, уран бүтээлч Ж.Ойлан, С.Солонго, Ш.Төмөрбаатар, Т.Бадамжунай, Д.Золзаяа, Ш.Шүрэнцэцэг, Б.Мөнхзул, У.Батцоож, Л.Элбэгзаяа нарын ахмад болон залуу үеийн 10 уран бүтээлчийн зургийг дэлгэж олон улсын зах зээлд худалдан борлуулах боломж бүрдэж байгааг дуулгалаа.
Тэрээр үзэсгэлэнгийн үеэр FineArt America сайт руу орж, С.Солонго зураачийн бүтээлээр жишээ аван танилцуулав. Энд С.Солонго зураачийн нийт 11 зураг байршаад байгаагаас олон улсын технологийн компани олон төрөл хэлбэрээр хувилан хэвлэж, том жижиг хэлбэрээс шалтгаалан 36-256 ам.доллароор үнэлэн дэлхийн өнцөг булан бүрд байгаа, Монголын уран зургийг сонирхож буй хэрэглэгч нарт хүргэхэд бэлэн болжээ.
Дээрх үйл ажиллагаа нь Монголын соёлыг хөгжүүлэх, дэлхийд түгээн дэлгэрүүлж сурталчлах, Монгол зураачдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр олон талын ач холбогдолтой.
FineArt America нь 2006 онд байгуулагдсан, АНУ-ын хэвлэлийн технологийн компани юм. Одоо дэлхийн даяар нийтдээ 100 мянган уран бүтээлчийн 10 гаруй сая бүтээлийг дижитал хэлбэрээр өөрийн цахим талбар платформд байршуулан худалдаж байгааг “Монгол брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий танилцууллаа.
FineArt America сайтад үүсгээд буй MONGOLART нүүрт Монголын зураачдын 256 бүтээлийг дижитал хэлбэрт шилжүүлэн байршуулаад байна. Манай уран бүтээлчдийн уран зураг, бүтээлийг гэрэл зурагчин Л.Элбэгзаяа, Б.Нямгэрэл нар мэргэжлийн өндөр түвшинд авч дижитал хэлбэрт шилжүүлжээ. Тэд Япон улсад гарсан музейн үзмэрийн бүтээлийг мөн дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл дээр ажиллаж байсан дадлага туршлагатай баг зураачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд ийнхүү гаргаж эхэллээ.
Монгол уран бүтээлчид нэгдэн олон улсад гарч буй цахим үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Д.Золзаяагийн сэтгэгдлийг хуваалцав. 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг театр киноны зураачаар төгсөн “Монгени” цогцолбор сургуульд уран зураг, дүрслэх урлагаар багшилж буй тэрээр олон улсын цахим худалдаанд 8 зурагтай оролцож байна.
-Анх энэ платформд яаж холбогдов?
-Clubhouse-аар дамжин анх мэдсэн. Тэнд Ш.Отгон-Өлзий fine America сайтын талаар ярьж байсан юм. Надаас гадна 2-3 зураач тэнд байж ямар учиртай, яаж холбогдож болох талаар асууж лавласнаар бидний бүтээлийг дижитал хэлбэрээр дэлхийд байршуулах тухай сонсож мэдсэн.
-Ач холбогдлыг хэр мэдэрч байна?
-Энд олон талын ач холбогдол бийг мэдэрсэн. Нэгд, бидний уран бүтээлийн эх хувилбар өөрт маань хадгалахын сацуу бид олон улсад өөрсдийн гэсэн вэбсайттай болж, бидний зургуудын хуулбар хувилбарууд дэлхийд гарч Монголын зураачид бүтээлээ олон улсад таниулан сурталчилна.
Хамгийн гол нь зохиогчийн эрх бидэнд байхын сацуу эх орондоо төдийгүй олон улсад баталгаажин хадгалагдаж, бидний зургийг хууль бусаар хуулбарлагдахгүй байх нь чухал юм. Цаашид залуу уран бүтээлчид энэ шинэ ертөнцөд өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна.
-Та ямар төрлөөр уран бүтээлээ туурвидаг вэ?
-Орчин урлаг тал руугаа зурдаг. Сүүлийн үед хөрөг зурж байгаа. Реалист гэхээсээ илүү хүний дотоод мөн чанарыг бүтээлээрээ гаргахыг хичээдэг. Хүн өөрийнхөө сайн сайхан чанарыг олж хардаггүй юм уу, эсвэл түүнийгээ ил гаргахыг хүсдэггүй тэр байдлыг илэрхийлэхийг боддог. Тиймээс энд тухайн хүнтэйгээ сайн ярилцаж, харилцаж судалж байж хийх хэрэгтэй байдаг гэв.
Монголын зураач, уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад гаргаж буй цахим үзэсгэлэнгийн нээлтийн үеэр энд оролцож буй зураачдын бүтээлийг “Монгени” цогцолбор сургуулийн танхимд дэлгэсэн байлаа.