ОХУ-д коронавирусний “дельта плюс” хувилбар бүртгэгдсэн тухай Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын тэргүүн Анна Попова мэдээлжээ.
“SARS-CoV-2”-ийн шинэ хувилбар тус улсад нэвтэрсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарчээ. Энэ тухай Фонтанка.ру цахим хуудас Смородинцевын нэрэмжит Томуугийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжлэх ухааны ажил эрхэлсэн орлогч дарга Дарья Даниленкогийн мэдээллээс эш татан уламжилсан байна. Тухайн үед Роспотребнадзор энэ мэдээллийг судалж байна гэж мэдэгджээ.
“Бид бүх мэдээллийг маш нягт нямбай шалгасан. Мэдээлэл батлагдсан” гэж Попова “COVID-19”-тэй тэмцэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааны үеэр хэлжээ. Түүний хэлснээр, энэ хувилбараар халдварласан өвчтөн хөнгөн өвдсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын бүх бүс нутагт “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэнийг Попова онцолсон байна. Үүнтэй холбогдуулан олон нийтийн арга хэмжээг хориглох Роспотребнадзорын саналыг дэмжихийг эрүүл ахуйн ерөнхий эмч Ерөнхий сайд Михаил Мишустинаас хүсжээ.
“Дельта плюс” (B.1.617.2.1) хувилбарыг Энэтхэгийн Махараштра мужид зургаадугаар сард илрүүлсэн байна. Энэ нь ихээр тархаад байгаа “дельта” (B.1.617.2) хувилбарын мутацид орсон төрөл аж. “Дельта плюс”-ын өргөс уурагт K417N гэх нэртэй шинэ мутаци үүссэн бөгөөд ялгагдах шинж чанар нь нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, халдвар аваад эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн ийлдэс, эсрэг биетийн идэвхийг бууруулдаг байна.
ОХУ-д халдвар авсан нийт хүний тоо 5 428 961-д хүрч, 132 315 хүн нас баржээ.