УИХ-ын чуулганы 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.
Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд, коронавируст цар тахал, түүнчлэн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субьектийг тодорхой болгох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ. Дараа төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 39 нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.