Засгийн газрын шийдвэр гарч аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхыг даалгасан тул Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй.
Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно.
Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваанд нийслэлээс хэд, орон нутгаас хэдэн бөх, харваач, хурдан морь хэрхэн яаж оролцуулах талаар зохицуулалтгүй орхисон нь нэлээд асуудал дагуулж байна, цаашдаа ч дагуулах нь дээ.
1. Орон нутгаас бөхчүүд, уяачид, харваачдыг явуулахгүй байж болно оо. Гэвч мөн л эсэргүүцэл гарах байх. Энэ наадам Улсын наадам болохоос зөвхөн нийслэлийн наадам биш биз дээ гэх мэт.
2. Газар газраас очсон хурдан морьд гэхэд нас насанд олон зуун, магадгүй мянган морь ч уралдах болвол уралдаанч хүүхдэд маш өндөр эрсдэлтэй.
3. Улсын наадамд оролцсон харваачид, бөхчүүд, уяач нар орон нутагтаа эргэж ирэхдээ халдварын эрсдэлийг дагуулж ирнэ.
Дорнодчууд маань энэхүү эрсдэлийг ухамсарлан ойлгож Улсын баяр наадамд оролцоё гэсэн хүсэлт санал ирүүлэхгүй гэдэгт найдаж байна.
Харин бусад аймгаас бөхчүүд, харваачид, уяачдын төлөөллөө Төрийн наадамд явуулбал бид ч мөн адил цөөн тооны тамирчдаа аймгаа төлөөлүүлэн оролцуулах ажлыг хяналттайгаар зохион байгуулах бэлтгэлтэй байх ёстой болов уу гэжээ.
Эх сурвалж: Дорнод аймаг ЗДТГ