Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав.
Тус хуулийн төсөл нь 8 бүлэг 43 зүйлтэй. Хуулийн төсөлд шинээр тусгагдсан хэд хэдэн онцлог зохицуулалт бий.
Тухайлбал, МБС-ын зорилгыг Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөгжлийн бодлогод тулгуурлан иргэнд тэгш хүртээмжтэй насан туршийн суралцахуй, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нээлттэй, тогтвортой уян хатан байх, нийгмийн түншлэлд суурилах зарчмыг баримтлахаар шинээр томьёолсон. Мөн сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, олон улсын болон үндэсний стандарт мэргэшлийн түвшин бүрд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, өрсөлдөх боломжийг бий болгох, багш хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон зохицуулалтыг тусгасан. Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч ААНБ-ын эрх үүргийн талаарх зохицуулалтыг тодорхой болголоо. Сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, салбар дундын дадлагын баазаар хөгжүүлэх, МБС-ын стандартын хэрэгжилтийг хангах, амьдрал, үйлдвэрлэлийн орчноос олж авсан мэдлэг, ур чадварыг гэрчилгээжүүлэх,баталгаажуулах эрх зүйн орчныг зохицуулав.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж УИХ-д өргөн мэдүүлэхээр тов тогтоолгох албан бичгийг хүргүүллээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, олон улсын жишигт нийцсэн шинэ систем бүрдэх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурал буурч, эдийн засгийн өсөлт, төсвийн оновчтой хуваарилалт, үр ашигтай зарцуулалт дээшлэн, Халамжаас Хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: НХХЯам