УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэдгийг онцолсон юм.
Мөн УИХ дахь МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарт ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.