Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Ганболдын Бадрах Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA /-нд Монголын анхдагч төлөөлөгч боллоо.
Тэрбээр, АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 дугаар сарын 27-29-нд AIBA-гаас зохион байгуулсан International Technical Official буюу Олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтад амжилттай тэнцжээ. Тус шалгалтыг 20 гаруй орны мэргэжилтэн өгч цөөн хүн тэнцсэн байна. Ийнхүү Г.Бадрах Монгол Улсаас АIBA-д төлөөлөгчөөр ажиллах эрхтэй анхны хүн болж, тус холбооны бүх уралдаан тэмцээний зохион байгуулалтад ажиллах юм.
“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээнийг тайлбарлаж, бокс сонирхогчдод танил болсон Г.Бадрах 1996 оноос боксын спортоор хичээллэж, Монгол Улсын хошой аварга, спартакиадын аварга болж байв. Тэрбээр 2001-2005 онд Улсын шигшээ багийн тамирчин байхдаа Ази тивийн АШТ, ДАШТ-д оролцож хүчээ сорьж байсан юм.
Г.Бадрах 2013 оноос шүүгчээр ажиллан, 2014 онд AIBA-гийн шүүгч болж тив, дэлхийн олон тэмцээнийг ринг дээр шүүн дэнсэлсэн бөгөөд энэ оны 2 дугаар сараас МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ