Байршил:
Улсын дунджаар 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 100 мянган хүн амд ногдох КОВИД-19 халдварын түвшин 2897 байна. Улаанбаатар хотын 100 мянган хүн амд ногдох халдварын түвшин 4512 байгаа нь улсын дунджаас 1.6 дахин их байна. Харин энэ үзүүлэлтийг аймгаар үзвэл, Төв аймагт хамгийн өндөр 2746 бол хамгийн бага нь Баян-Өлгий аймагт 339 байна.
Боловсрол:
КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлыг хүн амын боловсролын түвшнээр авч үзэхэд, бакалаврын болон дипломын дээд боловсролтой хүн ам илүү өвчилж байна. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын 21.7 хувь нь бакалаврын болон дипломын дээд боловсролтой, КОВИД-19-ийн батлагдсан нийт тохиолдлын 34.8 хувь нь бакалаврын болон дипломын дээд боловсролтой байна. Бүрэн дунд боловсролтой хүмүүс нийт хүн амын 26.1 хувийг, харин батлагдсан тохиолдлын 29.2 хувийг эзэлжээ.
100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшнийг боловсролын түвшнээр авч үзэхэд бакалаврын болон дипломын дээд боловсролтой 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин 4679 байгаа нь хамгийн өндөр байна.
Насны бүлэг:
КОВИД-19 цар тахлын батлагдсан тохиолдлыг насны бүлгээр үзэхэд, 20-44 насныхан нийт хүн амын 38.0 хувь, батлагдсан тохиолдлын ихэнх буюу 49.1 хувь байна. Харин тухайн насны 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин 20-44 насанд дунджаар 3391 байгаа нь хамгийн их дараа нь 80-аас дээш насныхны өвчлөлийн түвшин дунджаар 3336 байгаа нь бусад насны бүлгээс өндөр байна.
Сүүлийн 3 сарын хугацаанд:
КОВИД-19 халдварын нийт батлагдсан тохиолдлыг сүүлийн 3 сарын байдлаар харахад 41.4 хувь нь 5 дугаар сараас өмнө, 25.2 хувь нь 5 дугаар сард, 33.5 хувь нь 6 дугаар сарын 1-20-ны хооронд илэрсэн байна. Харин 0-17 насны хүүхдийн өвчлөл 5 дугаар сард хамгийн өндөр 26.4 хувь, насанд хүрэгчдийн өвчлөлийн дүнд эзлэх хувь 5 дугаар сараас өмнө 78.9 хувь хүрч хамгийн их байжээ.