Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүд, ажиллах жаяг дэгийн багийн гишүүдэд МҮБХ-ноос мэдээлэл хүргүүлжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдахтай холбоотойгоор дараах чиглэлийг ирүүллээ.

Үүнд:

  • Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны 07-р сарын 1-нээс 07-р сарын 03-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
  • Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны 07-р сарын 04-ний 10 цагаас 07-р сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ,
  • Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг 2021.06.29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
  • Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд 08-20 цагт МБӨ-нд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна.
  • Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021.07.10-ны өглөө 08 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
  • Бөхийн барилдаан 2021.07.10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд 7-р сарын 10-ны өдрийн 11 цагаас нэгийн даваа эхэлж, 16 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
  • Бөхийн барилдаан нь 2021 оны 06-р сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан
  • Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
  • Бөхийн дэвжээд 2021 оны 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
  • Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
  • Бөхийн барилдааны гурвын даваа 07.11-ний өдрийн 09 цаг, дөрвийн даваа 13 цаг, тавын даваа 16 цагаас тус тус явагдана.
  • Бөхийн барилдааны зургаагийн даваа 07.12-ны 10 цаг, долоогийн даваа 13 цаг, наймын даваа 15 цаг, есийн даваа 16 цаг, арвын даваа 17 цагаас тус тус болно.
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн