Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө уучлал үзүүлсэн бөгөөд Б.Махбал, Э.Энхбат нарын хувьд эдлээгүй ялынх нь хугацаанаас 25 хувийг нь хассан. Олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа шиг тэднийг уучилж, сулласан зүйл байхгүй гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлж байгаа.
Гэхдээ Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргасан бололтой.
Учир нь Ньюс агентлагийн мэдээнд дурьдсанаар бол нэрээ нууцалсан эх сурвалж “”Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө уучлал үзүүлсэн бөгөөд Б.Махбал, Э.Энхбат нарын хувьд эдлээгүй ялынх нь хугацаанаас 25 хувийг нь хассан. Олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа шиг тэднийг уучилж, сулласан зүйл байхгүй” гэж хэлжээ.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд энэ талаар огт мэдээлэлгүй байгаа гэсэн бол талийгаачийн өмгөөлөгч С.Хүрэлсүх “Б.Махбалыг Ерөнхийлөгч асан Ж.Баттулгын хүн гэж яригддаг учраас суллагдсан байхыг үгүйсгэх аргагүй” гэх тайлбарыг өгсөн байна.
Тэгвэл талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг энэ асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан байгаагаа мэдэгдээд байна.
Хэргийг эргэн сануулахад, Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэргээр ял шийтгэл авсан юм.
Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлж байсан юм.
Л.Баяр