Өдөр бүрийн 11 цагаас Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өчигдрийн /2021.6.27/ өдрийн мэдээллээр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар нийт 13 хүн нас барсан бөгөөд хоёр сартай 1 хүүхэд, 41-80 насны 12 хүн эндсэн” талаар мэдээлсэн.
Үүний дараа цахим орчинд тухай хүүхдийн ээж халдвар авсан бөгөөд хоёр сартай хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлэгт хамт хэвтүүлээгүйгээс гадна хүүхдийн биеийн байдлыг хянаж, зөвлөгөө өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан юм.
Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр оройн 21:00 цагаас тайлбар хийлээ.
Тэрбээр “2021 оны 6-р сарын 25-ны өглөө харамсалтай тохиолдол болсон. 4-р сарын 19-ний өдөр төрсөн хүүхэд нас барлаа. Ээж нь төрөх үедээ эхэс ховхролтой байсан тул яаралтай кесарова хагалгаанд орж, дутуу төрсөн. Тухайн эмэгтэйн дөрөв дэх хүүхэд байсан. Ам бүр 6. Өрхийн тэргүүн ВероСелл вакцины эхний тунг 4-р сарын 25, хоёр дахь тунг 5-р сарын 24-нд хийлгэсэн. Бусад хүмүүс нь вакцин хийлгээгүй байсан.
6-р сарын 25-ны өглөө хоёр сартай хүүхэд гэртээ нас барсан. Тухайн өдрийн 06:25 минутад хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагын дагуу 7 минутад очиж үзэхэд хүүхдийн амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, биед ил харагдах сорвигүй байсныг түргэн тусламжийн эмчийн тодорхойлолтод бичсэн байна.
Тухайн өдрийн 03:00 цагийн үед аав нь хүүхдээ угжсан бөгөөд 06:25 цагт өрхийн эмчдээ “Манай хүүхэд амьсгалахгүй, хөдлөхгүй болчихлоо” гэсэн дуудлагыг өгч, өрхийн эмч дүүргийн тандалтын багт мэдээлэл өгч 07:09 цагт өрхийн эмч нар очиход түргэн тусламжийн эмч хүүхэд хөшилтийн байдалтай 2-3 цаг болсон байна гэсэн мэдээллийг өгсөн” гэв.
Нас барсан хүүхдийн ээж 6-р сарын 17-ны өдөр шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд тухайн үед гэр бүлийн 6 хүнээс хоёр сартай хүүхдээс бусдынх нь шинжилгээний хариу эерэг гарсан байна. 6-р сарын 21-ний өдөр тухайн нярайд давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Хүүхдийн ээжийн бие 6-р сарын 22-ны өдөр халуурах, амьсгаадах шинж тэмдэг илэрч, илт муудсан тул эмнэлэгт хүргэхээр болсон байна.
Дүүргийн тандалтын баг Ачтан эмнэлэгт хүргэж өгөхөөр болсон бөгөөд хөхүүл хүүхэд авахгүй хэмээн буцаасан байна. Тухайн үед эмнэлгийн орны хүрэлцээ муу байсан бөгөөд гэр бүлээр нь эмчлэх хүсэлтийг сэргээн засах клиникээс тавьсан ч гэр бүлийнхэн хөнгөн учраас гэртээ үлдэж, эхнэрийг нь хэвтүүл гэсний дагуу тухайн эмэгтэйг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн” гэлээ.
Л.Баяр