Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хотын дарга нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд хэрхэн, хэзээнээс энэхүү хөтөлбөрт хамрагдаж сангаас дэмжлэг авах боломжтой вэ?

-Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Гэр хорооллын дэд бүтцийн газар өнгөрсөн сарын 30-ны өдрөөс авч эхлээд байна. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугч иргэд нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой болж байна.

-Сангаас дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн тоо их бий. Гэр хорооллыг хөгжүүлэх сан хэдий хэр хугацаанд үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар маш олон иргэн утсаар болон өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж үзэж байна. Сан байнгын үйл ажиллагаатай байх болно. Магадгүй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 216 мянган өрх бүгд тохилог орон сууцаар хангагдаж чадсан тэр үед татан буугдах байх.

-Яагаад зөвхөн Агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчдыг хамруулж байгаа юм гэх асуулт гарч ирж байна. III, IV бүсэд амьдарч байгаа иргэд сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах боломжгүй гэсэн үг биз дээ?

-Энэ сангийн үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдэж байгаа гэдгийг хотын дарга хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Агаарын чанарыг сайжруулах III, IV бүс бол байшин хорооллын бүс нутаг буюу агаар, хөрсний бохирдол харьцангуй бага бүс юм. Тэгэхээр юун түрүүнд гэр хорооллын иргэдээ түлхүү хамруулж, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын удирдлага иргэдийн газрыг хямд худалдан авах гэж байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч барилгын салбар зогсонги байдалд орсныг та бид мэднэ. Энэ жилийн хувьд 35 мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд иргэдэд хуримтлалтай болох боломж бага. Судалгаанаас харахад тогтмол ажилтай иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд сар бүрийн зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой боловч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй байна. Тэгэхээр эдгээр иргэнээ дэмжсэн бодлогыг хотын удирдлагаас хэрэгжүүлж эхэллээ гэж ойлгож болно.
Хамгийн гол нь энэ бол захиргааны аргаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа биш, иргэдийн хүсэлт, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, тэдэнд боломж олгосон арга хэмжээ гэдгийг онцолж хэлье. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сангаас дэмжлэг үзүүлнэ. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч иргэд орон сууцтай болох боломж бий. Нөгөө талаас, хотын төвөөсөө буюу төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг. Эдгээр өрхүүд хашаа байшингаа зарах гэхээр үнэ бага байгааг бүгд мэдэж байна. Тэгэхээр энэ өрхүүд хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдана гээд хүлээж байх вэ? Гэр хороололд өвөл нь агаарын бохирдол, зун нь хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч тав тухтай амьдрах нөхцөл бололцоо жилийн дөрвөн улиралд байхгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийг нэг өдрийн ч гэсэн өмнө тохилог орон сууцанд амьдрахад дэмжлэг үзүүлэх нь хотын удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого юм. Эцэст нь хэлэхэд, чөлөөлөгдөж байгаа газар дээр иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн