Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар явуулах шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний комиссын Ажлын хэсгийн дарга И.Баатархүү: Үндэсний их баяр наадмыг тогтоосон хугацаанд зохион байгуулдаг. Хугацааг нь хуульчилсан. Хүй долоо худагт үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэл ажилдаа орж байна.
Харин Ардын хувьсгалын 100 жилийн ой бол бүтэн жилийн хөтөлбөр юм. Энэ нь Үндэсний их баяр наадмаас тусдаа арга хэмжээ юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд нийтдээ есөн салбар хороо ажиллаж байгаа. Наадмын төсөв өмнөх жилд 2.8-3 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ” гэлээ.
Үндэсний их баяр наадмаар сур, бөх, морины уралдаан болж, эдгээрийг цахимаар ард түмэнд хүргэх Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгаа ажээ. Цахим наадам зохион байгуулах баг томилогдсон. Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, продюсерээр Г.Цоггэрэл, туслах найруулагчаар Б.Баатар нар ажиллахаар бэлтгэлдээ орсон байна.
Л.Баяр